ХХ1 зуун гарсаар дэлхийд хүмүүс болон гал түймэр, хорт хорхой шавьж бараг 1,5 сая ам км талбайд ой модыг устгаад байна. Энэ нь өнгөрсөн зууны мөн үзүүлэлтээс бага боловч гариг дэлхийд тун аюултай гэж шинжээчид анхааруулав.

Мод огтлох ажиллагаа соёл иргэншлийн хөгжилтэй нэг зэрэг явагдаж байна. Үйлдвэржүүлэх эринд мод огтлох ажиллагаа эрс хүчээ авч, аюултай шинжтэй болсон юм. Өнгөрсөн зууны сүүлээр экологчид ба эрдэмтэд түгшүүр заралсан ч байдлыг сайн тийш эргүүлж сайжруулж чадсангүй.

Гариг дэлхийн 87 сая ам км ойн талбайгаас сүүлийн 12 жилд 1,5 саяыг нь устгажээ. Ийм байдал өөрчлөгдөхгүй бол 700 жилийн дараа гариг дэлхийд нэг ч мод  үлдэхгүй болно. Харин хүн төрөлхтөн үүнийг харахгүй ч байж мэднэ.

Ой модны талбай багасах тусам агаар мандалд хүчил төрөгч багасаж, нүүрс төрөгч хий нэмэгдэж, цаг уурын байдал зохисгүй өөрчлөгдэж, амьсгаалах аргагүй болно. Дэлхийн хүн ам ийм өөрчлөлтэд дадаж дасахгүй бололтой.

Ой модыг сэргээж хадгалах улсын хөтөлбөр одоо бараг бүх улсад байгаа. Зарим улсад хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Жишээлбэл одоо Бразили ой модыг алдах хурдыг багасгах талаар тэргүүлж байна. Гэвч хөрш зэргэлдээ Парагвай болон Малайзи, Камбожад ой модыг устгах ажиллагааны хурд бусдаас илүү өндөр байна. Индонези ой модыг устгах хурдаар тэргүүний байр эзлэж байна.

Хятадын байдал энэ талаар нэлээд хүнд байна. Гэвч сүүлийн уед Бээжингээс ой модыг сэргээхэд их хэмжээний хөрөнгө гаргаж байна. Харин ОУ-д ойн өргөн уудам талбайг устгасаар байна. Гэсэн ч нааштай хандлага мэдрэгдсэн гэж Улсын ойн техникийн их сургуулийн шинжээч Владимир Петров хэлээд:

«Эдүгээ ОУ-д мод огтлох талбай ойг сэргээж буй талбайгаас бага юм. Харамсалтай нь ой сэргээх үйл ажиллагааны чанар тэр болгон сайн биш байна» гэв.

Эдийн засгийн агуулгаар шилмүүст ой илүү ашигтай. Гэвч ийм мод навчит модноос аажим ургадаг. Түүнээс гадна дөнгөж ургаж эхлэсэн шилмүүст мод навчит модонд дарагдаж мэднэ. Энэ нь ялангуяа ой модыг сэргээх үеэр илрэн тод харагдана гэж Ойн аж ахуйн хүрээлэнгийн захирал Анатолий Петров тэмдэглэн хэлээд:

«Мод огтлосон талбайд шилмүүст ойг сэргээхийг хичээж байхад навчит мод ургадаг. Гэвч 60 жилийн дараа шилмүүст ой навчит ойг аяндаа солих юм. Энэ нь хэвийн үйл явц билээ. Оросын эдийн засаг шилмүүст ойг баримталдаг. Гэвч экологид навчит ой илүү сайн. Навчит ой нүүрс төрөгч хийг шингээж, хүчил төрөгчийг ялган гаргах илүү их чадвартай.Харин шилмүүст ой ийм чадваргүй» гэв.

Аж үйлдвэрийн зорилгоор мод огтлох ажиллагааг уялдуулан зохицуулж болно. Гэвч гай гамшиг, гал түймэр, хорхой шавьжийн дайралтыг хяналтдаа авах аргагүй. Тэдгээр нь хүний үйл ажиллгаатай адил хэмжээний хохирлыг байгаль орчинд учруулдаг.

Америкийн эрдэмтдийн зохиосон дэлхийн сүлжээний анхны ойн газрын зураг гариг дэлхийн ойн жинхэнэ байдлыг ажиглахад туслана. Дэлхийн ойн байдлын өөрчлөлтийг 2000-2012 онд хиймэл дагуулаар авсан гэрэл зургууд тусган харуулж байна.

Түүнээс гадна ойн газрын зураг мод их хэмжээгээр хууль бус огтлох талбайг илрүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Дэлхийн олон бүс нутагт түүний дотор ОУ-д мод ийнхүү огтлох тохиолдол олонтаа гарч байна.