Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж зөвлөлдөхийг зөвшөөрсэн нь нааштай алхам хэмээн ОУ үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Үүний өмнө тэрээр зохих урилгыг эвсэлд явуулсан билээ.«Урилгыг хүлээн авсан гэсэн хариу бидэнд ирүүлсэн» гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.

Гэвч Сирийн үндэсний зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ахмед Камель «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө уулзалт лавтай болохыг батлаж чадсангүй.

«Айлчлалын тухай мэдээллийг одоохондоо батлаж, няцааж ч чадахгүй байна. Гэвч өнөөгийн нөхцөлд ОУ-ын байр суурийг тоомсорлохгүй байж чадахгүйг батлан илэрхийлмээр байна.

Миний бодоход Москва байдлыг буруу үнэлж байсан ч ОУ-ыг хэн ч Сири Улс болон түүнийг тойрон болж байгаа үйл явдлуудаас гадуур үзэхгүй байна. Бидний зорилго асуудалд хандах хандлагаа оросын удирдлагад тайлбарлан мэдээлэхэд оршино» гэж Ахмед Камель хэллээ.

Сергей Лавров, Ахмед Жарба нар уулзвал Женева-2 бага хурлын бэлтгэл гол сэдэв болох байх. Урьд Үндэсний эвсэл мөн бага хуралд оролцох зөвшөөрөл зарчмын хувьд өгснийг нийтээр мэднэ. Харин ОУ ба сөрөг хүчний Үндэсний эвсэл энэ асуудалд өөр өөрөөр хандаж байна.

Тухайлбал Женева-2 бага хурлыг урьдчилан болзол тавилгүй зарлан хуралдуулах хэрэгтэй гэж Москва үзэж байхад Үндэсний эвсэл Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг шаардаж байна.

Энэ нь болзол биш шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулах үзэл санаанаас үүдэн гарсан дүгнэлт гэж Үндэсний эвсэл мэдэгджээ. Өөрөөр хэлбэл хэлэлцэж маргалдах сэдэв Сергей Лавров, Ахмед Жарба нарт бий гэж Геополитикийн судлалын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов тэмдэглэн хэлээд

«Өнгөцхөн харахад ийм уулзалт хачин мэт санагдана. Оросын талыг  ГХ-ийн сайд төлөөлөх юм. Харин нөгөө талыг сирийн бүх оршин суугчийг төлөөлөх эрх өөрөө өөрсөддөө  ногдуулсан ямар нэг байгууллагын гишүүн төлөөлөх гэж байна.

Гэвч ОУ үнэхээр Женева-2 бага хурлыг зарлан хуралдуулахыг сонирхож байгаа болохоор ийм бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Жарба Москвад хүрэлцэн ирвэл түүнд сирийн хямралыг зохицуулах оновчтой хандлагыг санал болгож дэмжүүлэхийг Сергей Лавров оролдох бололтой.

Ядаж зэвсэгт сөргөлдөөнийг зогсоох тухай өгүүлэх юм. Жарба ямар нэг нэрийдлээр хүрэлцэн ирэхгүй бол энэ нь Үндэсний эвсэл мөргөлдөөнийг зохицуулахыг хүсэхгүй, яриа хэлэлцээ хийж чадахгүй дээрэмчдээс бүрэлдснийг харуулна» гэв.

Лавров,Жарба нарын уулзалт ахиц дэвшил гаргана гэж найдах аргагүйг шинжээчид тэмдэглэв. Уулзалт хийвэл тэр нь нааштай үйл явдал болно. Юу гэвэл хэдэн сарын өмнө ийм уулзалт хийх санал ердөө дэвшүүлэхгүй байсан.

Ингээд сирийн хямрал аажмаар улс төрийн нэг ёсны панзлал болон хувирч байна. Женева-2 бага хурлыг зарлан хуралдуулах нь зайлшгүй чухал гэж бараг бүх этгээд үзэж байх шиг байна. Гэвч тэдний хандлага өөр өөр байна. Иймээс талууд ямар нэг асуудлаар арга буюу найр тавих бололтой.

«Маш сайн таатай нөхцөл бүрэлдэхийг хүлээвэл бага хурал хэзээ ч хуралдахгүй» гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ. Харин бага хурал хэзээ ч хуралдахгүй төлөв сирийн радикал сөрөг хүчний санаархалд таарна гэж шинжээчид тэмдэглэжээ.