Хятадын тэнгис далайд байрлуулах тив хоорондын JL-2 пуужин эхний үе шатны байлдааны бэлэн байдалд ороход дөхөж байна гэж АНУ-ын конгрессын эдийн засаг, аюулгүй байдлын хүрээнд БНХАУ-тай харилцах комиссын саяхан нийтлүүлсэн илтгэлд тэмдэглэжээ.

Энэ нь америкийн талаас ахар богино хугацаанд хийсэн ийм агуулгатай 2 дахь мэдэгдэл билээ. Хятадын стратегийн цөмийн хүчний тэнгис далайд байрлуулах хэсэг АНУ-д бодит аюул учруулах болсон гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин дээрх мэдэгдлийг харгалзан тэмдэглэсэн байна.

Хятадын атомын пуужинт шумбагч онгоцууд бүр ирэх онд байлдааны эргүүл хийж мэднэ гэж 7-р сард америкийн ХМХ-үүд засгийн газрын төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлав. Хятадын анхны 12 пуужин бүхий 092 «Их аян-6» төслийн атомын шумбагч онгоцыг 1987 онд ашиглалтад оруулжээ.

Гэвч тэр нь байлдааны эргүүл нэг ч удаа хийсэнгүй. Сургуулилах, турших зорилгоор тэнгис далайд түр зуур гарчээ. Маш олон техникийн дутагдалтай шумбагч онгоц хятадын флотын туршлага хуримтлуулах туршилтын тавцан болсон.

Олон улсын хурц хямрал гарсан цагт түүнийг тэнгист гаргаж, 1700 км тусгалын 12 пуужинг нь тогтоон барих хэрэгсэл болгох байсан. Гэвч энэ шумбагч онгоц цөмийн гэнэтийн дайралтыг тэсч гарахгүй учир бааздаа  удаан байжээ.

Шинэ нөхцөлд БНХАУ атомын пуужинт шумбагч онгоцны флотыг байгуулж байна. Одоо 094 төслийн гурван хөлөг онгоц бэлэн байна. Түүнээс гадна 24 пуужин бүхий 096 төслийн хөлөг онгоцыг зохион бүтээж байна.

Пуужин л төслийн сулхан тал болсон билээ. Шинэ хөлөг онгоцыг тив хоорондын пуужингаар зэвсэглэх байлаа. Гэвч олон жилийн турш хийсэн туршилт нь амжилтгүй болжээ. 2012 онд туршилтад эргэлт гарч, хятадын тэнгисийн тогтоон барих хүчнийг хөгжүүлэх замд гарсан сүүлчийн саад тотгорыг арилгав.

Тэнгисийн стратегийн цөмийн хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулах явдал хятадын цөмийн бодлогод нөлөөлж мэднэ. Хятадын АЧА-ийн стратегийн пуужингийн цэрэг хятадын атомын олонхи цэнэгийг нэлээд удаан хяналтдаа байлгасан юм.

Сианиэс баруун 140 км зайтай орших газар дорхи объект-цөмийн байлдааны цэнэг хадгалж үйлчлэх хятадын төв 22-р бааз 1979 оны 1-р сараас ХАЧА-ийн стратегийн пуужингийн хүчний хяналтад шилжсэн тухай америкийн нэрт судлаач Mark A.Stokes мэдээлжээ.

Хятадын цөмийн цэнэг хадгалж үйлчлэх систем зэвсэгт хүчний нэг төрлийн хүчинд захирагдах систем зөвлөлтийн ба оросын практик үйл ажиллагаанаас эрс ялгаатай. Ганц байгууллага-БХЯ-ны 12-р Ерөнхий удирдах газар стратегийн пуужингийн хүчин, флот, Цэргийн нисэх хүчин, хуурай замын цэргийн цөмийн байлдааны цэнэгүүдийг хариуцаж байсан юм.

1970-д оны сүүлээр дээрх шийдвэр хятадын бодит нөхцөлд нийцэж байсан. Орчин цагийн цохилтын нисэх онгоц, далавчит пуужин үгүй байсан учир хятадын цөмийн хүчний мөн хэсэг сулхан байлаа. Хэдэн жилийн дараа үйлдвэрлэсэн анхны пуужинт шумбагч онгоц нь бараг үр бүтээлгүй байв.

Цөмийн стратегийн хүчин л цөмийн тогтоон барих чадавхитай байсан. Цэргийн нисэх хүчин ба флотод зориулсан атомын цөөн цэнэг бас тус хүчний хяналтад байсан бололтой гэж Stokes тэмдэглэжээ.

Одоо байдал үндсээр өөрчлөгдөх юм. Ашиглалтад оруулсан хятадын эхний гурван атомын шумбагч онгоц тив хоорондын 36 баллистик пуужинтай.Тэдгээрийн тоо 5-нд хүрвэл бүр 60 пуужинтай болно.

Цаашдаа 096 төслийг хэрэгжүүлж ийм том онгоц үйлдвэрлэх тусам пуужингийн тоо өсөн нэмэгдэх юм. Эдүгээ хошуу нь хуваагдах пуужин Хятадад байх үгүйг батласан баримт алга. Байдлаас харахад Хятад пуужингуудаа боловсронгуй болгож байна.

Хятад атомын пуужинт шумбагч онгоцтой бусад улсын жишээгээр хуваагдах хошуу бүхий тусад нь онилон чиглүүлэх тэнгсиийн пуужингаар шумбагч онгоцоо зэвсэглэх юм.

Цөмийн байлдааны цэнэгийн хяналт, үйлчилгээний систем ч нэлээд нарийн түвэгтэй болох байх. Ийм шинэ системийг байгуулах эсэх нь тодроогүй. Цөмийн зэвсэг хэрэглэх шийдвэр гаргах хятадын систем болон дур зоргын хөөргөлтөөс хамгаалах хятадын арга хэмжээний тухай асуудал тулгарсан юм.

Стратегийн цөмийн хүчин аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байгааг нотлон харуулсан баримтууд бий. Тухайлбал хуучин шингэн түлштэй пуужингуудыг энх амгалан үед хошууг нь салган хадгалж байна гэж мэдээлсэн билээ.

Орчин цагийн хатуу түлштэй пуужин бий болсон ч ийнхүү сэрэмжлэх арга хэмжээ авсаар байх болно.22-р баазад захирагдсан тусгай хороо байлдааны цэнэг хадгалахыг хариуцаж байна.

Тэнгисийн стратегийн цөмийн хүчний байгуулалтын агуулга хэрэглэхэд бэлэн цөмийн зэвсгийг тэнгис далайд байгаа шумбагч онгоцонд байнга байрлуулахад оршино. Хятадын тал флотын цөмийн зэвсэгт хандах системийг сайтар бодож зохиосон бололтой.

092 төслийн туршилтын хөлөг онгцондоо системийг туршсан. Гэсэн ч эдгээр асуудал хятадын цөмийн чадавхи өсөн нэмэгдэх тусам дэлхийн анхаарлыг улам их татах болно.