Саяхны судалгаагаар Орос орон хамгийн алдартай жуулчны 10 маршрутын тоонд орсон байна. Хэрэв та ойрын ирээдүйд манай орос оронд айлчлахыг төлөвлөж, яг хаашаа явахаа шийдэж чадахгүй байгаа бол Алтайн бүгд найрамдах улс Орос оронтой танилцах сайхан газар болох юм.

Алтай нутаг Баруун Сибирийн өмнө зүгт оршдог. Хоёр дархан цаазат газар, мөн «Алтайн алтан уулс» нэртэй байгалийн Укок цэцэрлэгт хүрээлэн ЮНЕСКО-ийн бүх дэлхийн өв сангийн объектуудын жагсаалтад оржээ.

Тийм алдартай биш ч дэлхийн ач холбогдол бүхий хөшөө дурсгалууд ч бий гэж Горно-Алтайн их сургуулийн нийтийн түүх, археологийн тэнхимийн эрхлэгч, археологич Александр Эбель тэмдэглээд:

«9-р сард Турк улсад ЮНЕСКО-гийн ивээл дор бага хурал болж өнгөрсөн бөгөөд түүн дээр соёлын өв санд оруулахаар авч үзэж буй объектууд, мөн Уландрык голын хөндийн булшуудыг жагсаалтад оруулах санаачлагыг дэвшүүлжээ.

Тэдгээр нь өнгөрсөн зууны 30-аад онуудад шинжлэн судлагдсан бөгөөд, үүнд:Сибирийн анхны түүхийн дурсгалт олдвор болох занданшуулсан бүлш орно. Тэдний бараг бүх оньсогот зүйлүүд одоо музейд хадгалагдаж байгаа юм. Эндэхийн хөндийд олон хосгүй олдворууд олдсоны дотор скифийн үеийн дайны тэрэг, согдийн эсгий хивс зэргийг нэрлэж болно» гэж хэллээ.

Тухайн цаг үе бүрт Алтай нутгийн оршин суугчид гол, хөндий, ой зэрэг байгалийн объектуудын биелэл (хувилгаан) болох янз бүрийн бурхдад мөргөн шүтэж иржээ. Тэдгээрийн ихэнх нь ард түмнүүдийн дунд өнөөг хүртэл ариун гэгээнээр үлдсэн юм.

Азид уулыг тахин шүтэж ариун нандин буюу биширч хүндэлдэг уулын оргилд цэвэр тунгалаг бодол санаа, номхон хүлцэнгүй зүрх сэтгэлтэйгээр ойртон очих ёстой байдаг. Жишээлбэл, Белуха уулын энгэр болон өврийн бүх орчин тойрон бол тус бүгд найрамдах улсын гол дурсгалт газруудын нэг бөгөөд ариун гэгээнд тооцогдон, нутгийн оршин суугчид сүм дуган мэтээр тахиж шүтэж иржээ.

Домог ёсоор энд Сансартай энергийн холбоотой Дэлхийн төв оршдог гэж үздэг. Энэ бол Алтай дахь зүгээр нэг хүчтэй газар биш, харин энерги авч болох ертөнцийн төвүүдийн нэг бөгөөд Белуха уулын онцгой био энергийн хүчин чадал геофизикийн орчин үеийн судалгаагаар нотлогдсон юм.

Белуха 4 далайн газар зүйн төвд оршдог, учир нь түүнээс адил зайд Энэтхэг, Хойд Мөсөн, Номхон болон Атлантын далайнууд оршдог байна.

Алдарт зураач, философч Николай Рерих, Белуха уулыг Евразийн газар зүйн төв төдийгүй, мөн 3 агуу шашин Үнэн алдартан, Буддизм, Исламын уулздаг газар гэж үздэг байжээ. Яг эндээс агуу Будда-Гаутама Энэтхэгт ирсэн байна.

Энд өчнөөн их давтагдашгүй байгалийн болон шашны дурсгалт газруудтай тул дэлхийн аль ч орны жуулчид өөртөө тохирсон сонирхолтой зүйлийг олж чадна гэж жуулчны компанийн захирал Константин Гребенников тэмдэглэн хэлээд:

«Алтайг сонирхох гадаадынхны сонирхол хилийн дэглэм хөнгөлөлттэй байсан аль өнгөрсөн зууны 90-д оны үед эхэлсэн билээ. Тус бүгд найрамдах улс луу ирж буй жуулчдын 80% нь бусад улсуудаас ирдэг байна.

Илүү их алдартай түүх, соёлын дурсгалт газар тэр үед ч төдийгүй одоо ч Евразийн усны хагалбарын зааг дээр оршдог Белуха уул юм. Түүнийг «хүчний газар» хэмээн үздэг. Олонд танил болсон 2 дахь газарт Укокийн өндөрлөг ордог юм. Энэ бол онц хамгаалалттай байгалийн бүс бөгөөд Монгол, Хятад, Казахстантай хил залган оршдог байна.

Олонх цэнгэг усны нөөцөөр Орост 2-т ордог Телецкийн нууран дээрх Чулышман голын хөндий дэх чулуун мөөгийг харахаар явдаг юм. Жуулчдын их хэмжээний урсгал 5-р сараас 9-р сарын дунд хүртэл ажиглагддаг байна. Өвөл ч бид ямар нэгэн сонирхолтой зүйлийг санаачилдаг» гэж ярилаа.

Алтайд 1,5 сая жилийн өмнө анхны хүмүүс суурьшсан гэж үздэг. Өөрийн геополитикийн байдлаараа Евразийн төвд оршдог тул Алтайн түүхийн янз бүрийн эрин үеэс төрөл бүрийн соёл, угсаатныг нэгтгэсэн билээ.

Энд палеолитын эринээс Дундад зууны үе хүртэл 280 археологийн дурсгалт зүйлүүд албан ёсоор бүртгэгдсэн байна. Энэ бол түүх, соёлын төдийгүй байгалийн хувьд ч хамгийн үзэсгэлэнт жуулчны объектуудын нэг юм. Алтайд сезоны үед 1 сая жуулчид зочилдог байна.