Шувтарч байгаа энэ долоо хоног ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вьетнам, Өмнөд Солонгост нэлээд үр бүтээлтэй айлчлал хийснээр тэмдэглэлтэй болов. Оросын төрийн тэргүүний айлчлалууд геополитикийн их ач холбогдолтой гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Зүүн-өмнөд Ази, Австрали, Океанийг судлах төвийн удирдагч Дмитрий Мосяков үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Владимир Путин Хятадын ойрын хоёр хөрш улсад Хятадад хүрэлцэн очилгүй айлчилсан нь тэмдэглүүштэй. Энэ нь тодорхой шинж тэмдэг билээ. Хятадын сүр хүч өсөн нэмэгдэж байгаа нь түүний хөрш Вьетнам төдийгүй Өмнөд Солонгос, Япон ба Зүүн-өмнөд Азийн орнуудыг түгшүүлж байна» гэлээ.

Бид оросын улс төрийн бодлого үнэн хэрэг дээр Дорнод тийш эргэснийг харж байна. Оросын Алс Дорнодын бүс нутаг, Сибирийг хөгжүүлэх, Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт Владивостокт хийсэн, АНДБН-ийн улс төрийн үйл явцад илүү идэвхтэй оролцох, бүс нутгийн орнуудтай харилцааг өрнүүлэн хөгжүүлэх бодлого үүнийг илтгэн харуулж байна. Владимир Путины Ханой, Сөүлд хийсэн айлчлалуудын амжилт мөн  үр дүнд хүрч байгааг нотлон харуулав.

Вьетнамд сонин тохиролцоонд хүрснийг шинжээч тэмдэглэв.Цэрэг-техникийн хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд их үүрэг гүйцэтгэж байна. Вьетнамын арми, флотын бүх зэвсгийн бараг 97 хувь нь оросынх. ОУ-аас нисэх онгоц, зенит-пуужингийн цогцолбор, хөлөг онгоц, шумбагч онгоцуудыг Вьетнамд нийлүүлж байна.

Саяхан цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын явцад Уралвагонзаводтай байгуулсан хэлэлцээр бас цэргийн талтай юм.

Гэвч энэ нь орос-вьетнамын харилцан ажиллагааны зөвхөн нэг хэсэг юм. Орос, Вьетнамын хооронд адил тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэх харилцаа тогтон төлөвшиж байгаа нь нэн чухал юм. Владимир Путины Вьетнамд хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан маш олон баримт бичиг нефть хийн олборлолт, боловсруулалтыг хамрав.

Оросын компаниуд Зунгкуатад нефть боловсрулах заводыг шинэтгэх ажилд оролцох нь бэлэн бүтээгдэхүүнээ АНДБН-ийн зах зээлд гаргах боломж олгоно. Вьетнамын нефтьчид Печорское тэнгист нүүрс ус төрөгчийн орд газруудыг эзэмших боломжтой болох юм.

Сөүлд гарын үсэг зурсан баримт бичгүүд солонгосын капиталыг ОУ-д оруулах хаалгыг бүрэн нээж,Солонгосын хойгийн нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслах дэд бүтцийн төслүүдэд Өмнөд Солонгосыг оролцуулах боломж өгөх юм.

Визийг үгүй болгох тухай хэлэлцээр хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөжүүлж, орос, солонгосын ард түмнүүдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх юм.