Одоогоос яг 25 жилийн өмнө 1988 оны 11-р сарын 15-нд дэлхийн сансар судлалын түүхэнд чухал үйл явдал болжээ. Зөвлөлтийн олон удаа ашиглах «Энерги-Буран» сансрын системийг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөсэн юм. Том сансрын хөлөг-«зөвлөлтийн шаттл» автомат дэглэмээр нислэг хийснийг хожим Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ.

Энэ систем «хүйтэн дайны» бүтээгдэхүүн болсон юм. Дэлхий орчмын тойрог замаас Москвад цөмийн цэнэг хаяж мэдэх америкийн «Спейс-шаатл»-ыг сөрөн зогсож, «Бураныг» зохион бүтээсэн юм.

Тэр хоёр гүрэн улсын бие биенээ устгах боломжийг тэнцүү болгох байсан гэж Оросын сансар судлалын академийн академич Александр Железняков «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Тойрог замын цэргийн хүнд станцыг хөөргөхөөр  «Буран» системийг зохион бүтээсэн юм. Энэ нь тэр үед далайн чанадад идэвхтэй өсгөж байсан америкийн Стратегийн батлан хамгаалах санаачилга хэмээх хөтөлбөрт өгсөн нэг ёсны хариу болов. АНУ-аас байлдааны цохилтын системээ сансарт байрлуулсан цагт өөрийгөө хамгаалахаар «Буран» системийг зохион бүтээсэн. Тэр эсэргүүцэн хамгаалах систем болох байсан юм» гэж ярилаа.

Гэвч «Бураны» нислэгийг бэлтгэсэн үед олон улсын байдалд өөрчлөлт гарч, Москва, Вашингтоны хоорондын түгшүүртэй харилцаа намжсан юм. Ийм нөхцөлд цэргийнхэн сансрын олон удаа ашиглах системээс татгалзав.

Иргэний сансар судлал «Бураныг» дааж чадсангүй гэж «Новости космонавтики» сэтгүүлийн эрхлэгч Игорь Маринин тэмдэглэн хэлээд:

« «Бураныг» цаашид ашиглаагүй явдал «Буран» болон зөөгч пуужингийн ашигт ачааллын хэр хэмжээг боловсруулахад хүч хөрөнгө дутагдсантай холбоотой. «Энерги» нэгдэл 100 тонн жинтэй хиймэл дагуулыг «Буран» системийг хэрэглэлгүй тойрог замд гаргаж байсан.

Ийм хиймэл дагуулыг 10 жилийн турш үйлдвэрлэж байлаа. Харин «Буран» сард хэдэн удаа нисч, 30 тонн ачаа тойрог замд гаргах чадвартай байсан юм. Гэвч үүнд таарах хиймэл дагуулыг хаанаас авах байсан бэ?» гэлээ.

АНУ ч олон удаа ашиглах системээс аажмаар таатгалзсан. Сансарт ашигт ачаа гаргах нэлээд хямд, найдвартай систем гэж АНУ-аас зарлаж мэдээлсэн «Спейс-шаттл» хөтөлбөр үнэн хэрэг дээрээ хэт үнэтэй, ашиглахад хэцүү байгаа нь тодорхой болсон юм.

«Бураны» тавилан ч таагүй болов. «Буран» цорын ганц нислэг хийгээд дэлхийд үлдсэн юм. Гэвч түүнийг зохион бүтээх үеэр бий болсон ШУ-ны чадавхи, хэтийн төлөвтэй нээлт, шинэ бүтээлүүд эх орны сансар судлалд зохих байр эзлэнэ гэж Александр Железняков үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Тэр үед хийж бүтээсэн олон зүйл хожим шаардагдана.Харин аль болох түргэн ашиглаасай. «Бураны» туршлагыг хэтдээ сансрын хөлгийг зохион бүтээх уед заавал ашиглана. Хэрхэн ашиглахыг цаг үе харуулах юм. Бүх боловсруулалт, чадавхи үгүй болохгүй» гэжээ.

«Бураныг» түүхийн бүтээл төдийгүй шинэ үеийн сансрын техникийн өмнөх загварын хувьд бид санан дурсаж байх болно гэж Александр Железняков нэмж хэллээ.