Олимпийн тосгон Сочигийн эргийн дагуух орчин бол Өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн тохитой нь юм. Энэ тухай зохион байгуулагчид зоригтой мэдэгдэхийн зэрэгцээ үндэсний төлөөлөгчдийн гишүүд ч баталж байна.

Энэ нь Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн минут явган алхаад л хүрэхээр дөт учир тамирчдад дасгал сургууль, тэмцээндээ хурдан хүрч очих, эргээд өөрсдийн номертоо амрахаар явахад ямар ч түвэггүй юм. Олимпийн тосгоны эргийн газар нутагт 2200 хүн, түүний дотор тамирчид, дасгалжуулагчид, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн амьдрах болно.

Тэд барилгыг барьж эхлэхээсээ л хэн ямар байшинд байрлахыг харгалзан үзэж зохих зохицуулалт тохиргоог хийсэн байна. Хэдийгээр гаднаас нь харахад Олимпийн тосгоны бүх барилгууд хоорондоо адилхан бор шаргал өнгөтэй улаан дээвэртэй 4 эсвэл 6 давхар боловч өрөөний доторх зохион байгуулалтаараа өөр хоорондоо ялгаатай юм.

Өөрчлөгдөхгүй ганц зүйл бол өндөр түвшний ая тух гэж «Сочи-2014» зохион байгуулах хорооны төлөөлөгч Тимур Зейналов мэдэгдээд:

«2 тамирчинд 1 өрөө зориулагдсан, өрөөний дундаж талбай 40-45 кв. метр байгаа нь Олон улсын олимпийн хорооны олимпийн тосгодын шаардлагад нийцэх хэмжээнээс 3 дахин илүү юм. 2012 онд Лондоны олимпийн тосгоны 2 тамирчинд зориулсан амьдрах талбайн хэмжээ ойролцоогоор 12-16 кв.м байсан байна.

Манай ийшээ ирж үзсэн төлөөлөгчид их аз жаргалтайгаар ашгүй дээ, эргэж тойрох зайтай, бүгдэд хангалттай, хүртээмжтэй болжээ гэж сэтгэл хангалуун байсан» гэж ярилаа.

Тамирчдад дээд зэргийн ая тухтай байдлыг хангахын тулд бүх нэмэлт үйлчилгээг тусдаа байранд байрлуулахаар зохион байгуулагчид шийдсэнийг Тимур Зейналов дурьдаад:

«700 хүний суудалтай хоолны газар бий болох бөгөөд хоолны цэсийг тамирчдын оролцоотойгоор тэдний хүсэл сонирхол, ОУОХ-ны шаардлагад нийцүүлэн боловсруулсан, үүнээс гадна фитнес -төв, эрүүл мэнд, соёл урлагийн төв, автомат тоглоомуудын газар, мөн клуб байгуулагдах болно.

Олимпийн тосгоны барилгуудад, энд амьдарч байгаа олон хүмүүсийн амрахад саад болохгүйн тулд бид ийм үйлчилгээнүүдийг зохион байгуулж болохгүй юм. Эндээс тийм үйлчилгээ төвлөрсөн газрууд луу автобус явах бөгөөд эсвэл 7-10 минутын дотор хүссэн хүн бүхэн явган яваад хүрч болно» гэж тэрбээр үгээ өндөрлөлөө.

Бас нэг Олимпийн тосгоны эрэг орчмын бүсийн маргашгүй давуу тал бол хөлддөггүй Хар тэнгисийн үзэсгэлэнт байдал, цонхон дор ургах дал модод юм. Өвлийн Олимпийн ороцогчид: уран гулгагчид, хоккейчид, тэшүүрчид урьд нь хэзээ ч олимпийн медалийн төлөө дулаан оронд тэмцэлдэж байгаагүй билээ.