Дэлхийн тогтмол ХМХ-үүд Умард Солонгост ойрын үед шинэчлэл хийгдэх гэж байгаа тухай бичиж эхлээд байнаЯг ийм зүйл анх 1984 онд гарч байсан. Гэхдээ үүнээс хойш умардын шинэчлэлийг дэлхий дахин 30 жил хүлээсэн. Ингээд хүсэн хүлээсэн цаг ойртож байгаа бололтой.

Азийн орнуудад өөрчлөлт шинэчлэл явагдаж байгаа тухай ярихдаа, 80-иас-90-ээд онуудад Хятадад амжилттай явуулсан нэгэн хувилбрын тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засагт шилжихдээ дарангуйлагчийн дэглэм хадгалагдаж буй явдал юм.

2000 оны эхээр Умард Солонгост мөн л шинэчлэл хэмээх процессыг эхлүүлсэн, гэтэл Ким Чен Ирын засаглалын эцэст нэгэн зүйл тов тодорхой болсон. Тэр нь юу вэ гэвэл, умардын удирдагч Хятадад хийсэнтэй адил зүйлийг хийх төлөвгүй байгаа нь тодорхой болсон.

Хятад төдийгүй, Вьетнам ч зах зээлийн үр ашигтай шинэчлэлийг коммунизмын номлолтой хослуулах боломжтойг өөрийн туршлагаараа харуулсан байлтай. Гэтэл энэхүү туршлага нь Умардад огт таарсангүй.

Хятад, Вьетнамаас ялгаатай нь, Солонгос хуваагдсан улс, ингэхдээ хоёр орны хооронд эдийн засгийн болон амьдралын төвшний ялгаа маш их. Өөрчлөлт шинэчлэлийг явуулах нь Умард Солонгост Өмнөдийн үсрэнгүй хөгжлийн тухай мэдээлэл тарахад зайлшгүй хүргэнэ. Өөрчлөлтийн өөр бусад үр дүнд хүмүүс эрх баригчдаас айж эмээх нь багасах бөгөөд тодорхой улс төрийн либералчлал явагдана.

Засгийн эрх баригчдын өмнө айдас сулрах нь эдийн засгийн гүн хямралтай байгаа тус улсад хувьсгалын өмнөх тохироо бий болоход хүргэж мэдэх юм. Мэдээж хэрэг, Ким Чен Ирын төлөвлөгөөнд үйл явдал ийм маягаар эргэнэ гэж ороогүй нь лавтай. Тиймээс тэр шинэчлэлийн процессыг явуулахгуйгээр эдийн засгийн хөгжлийг золиослон, улс төрийн эрсдлээс зайлсхийхээр шийдсэн байна.

Гэтэл сүүлийн үед умардын шинэ удирдагч шинэчлэл хийхээр хүчтэй зогсч байгаа  шинжүүд ажиглагдаж буй юм. Заримдаа үүнийг Ким Чен Уны хувийн туршлагын онцлог гэж тайлбарладаг.Тэр Швейцарт сурч боловсорсны улмаас ийнхүү шинэчлэгч санаа бодолтой болсон байж мэднэ.

Гэвч Умардын шинэ удирдагчийн шинэчлэлд бэлэн байгаа нэг гол шалтгаан бол БНАСАУ нь маш хүнд байдалд буйд оршиж байна. Нэг талаас хятадын шинэчлэлийн үлгэр урьдын адил тус улсын дотоод улс төрийн тогтвортой байдалд заналхийлж байна. Нөгөө талаас хуучин систем аажимдаа нурж байгаа бөгөөд, энэхүү процессыг зогсоох ямарч боломжгүй гэдэг нь  тодорхой юм.

Төрийн эдийн засаг муу ажиллаж байна. Хүн ам хар захын ачаар амь зогоож байна. Үүнийг хар зах гэж нэрлэхэд ч хэцүү, яагаад гэвэл улс энэхүү захыг хэрхэн оршин тогтнож буйг сайн мэддэг, зарим тохиолдолд төрийн байгууллагууд нь хувийн хөрөнгөтэй идэвхтэй харилцан ажиллаж байна. БНАСАУ-д гадаад ертөнцийн тухай мэдээллүүд нэвтэрч байна, гэтэл энэхүү процессыг зогсоох ямарч арга үгүй.

Ийм тохиолдолд умардын шинэ удирдагчид эрсдэлтэй шийдвэр гарган, санаачилгыг гартаа авахаас өөр арга алга. Талийгаач Ким Чен Ир болон түүний хүрээнийхэн их өндөр настай хүмүүс байсан. Тэд одоогийн системийг 10,15 20 жил лавтай амар тайван байна гэж бодож байжээ.

Тэгвэл 30 шүргэж яваа Ким Чен Ун болон түүний зөвлөхүүдэд ингэж үзэх үндэслэл үгүй. Хэрвээ тэд юуг ч солихгуй байх юм бол, систем үүнийг даахгуй, нуран унана. Арав-хорин жилийн дараа нуран унана, харин тэр үед одоогийн элитын хувьд хамгийн эмгэнэлтэй үр дагавар үлдэнэ.

Харин ч шинэчлэл эрсдэлтэй ч, байдлыг хянах зарим нэгэн боломж олгож буй юм. Тиймээс баталгаатай сүйрэл болон баталгаагүй амьдралын хооронд сонголт хийхдээ тэд хоёр дахийг нь сонгож буй юм.