2014 онд олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбоотой гол асуудлаар шинжээчдийн санал одоогоор тэр болгон нийцэхгүй байна. Афанистаны байдал тогтворгүй болвол «Талибан» болон өөр хэт даврагч бүлгүүд хойд тийш зүглэж давшлах уу? Тэгсэн цагт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага л түрэмгийллийг няцааж мэднэ.

2002 оны 10-р сард үүсгэн байгуулсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Орос, Белорусь, Армени,Казахстан, Киргиз, Тажикистан улсуудыг нэгтгэж байна. Эдүгээ Орос Улс цэрэг-техникийн их чадавхитай гишүүний хувьд байгууллагын үндэс суурь болсон юм.

Үүний хамт ОУ 2014 онд тулгарах дээрх асуудлыг харгалзан түншүүдийнхээ чадавхийг бэхжүүлэх маш идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна. Энэ нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын цэргийн боловсон хүчнийг бэлтгэх, зэвсэг, байлдааны техникийг буцалтгүй нийлүүлэхэд хамаатай. Түүнчлэн хариуд нь  сэрэмжлэх үйл ажиллагааны хамтын шуурхай төлөвлөлтийг үүнтэй холбогдуулан дурдаж болно.

Гаднын болон дотоодын хил хязгаарыг бэхжүүлэх нь байгууллагын гишүүн орнуудын орон зайн аюулгүй байдлыг хангах практик арга хэмжээнүүдийн гол чиглэлийн нэг юм. «Национальная оборона» сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко хэлэхдээ:

«Эдүгээ ОУ Казахстантай хамгийн урт хил хязгаартай байна. Инженерийн хангамж нь ч сайн. Иймээс юуны түрүүнд тажик-афганы хилийн байдалд хүчин чармайлтаа төвлөрүүлэх хэрэгтэй. Дээрэмчид, террористууд ба мансууруулах бодисын наймаачдыг энэ хилийг давах боломжгүй болгохын тулд байгууллагынхаа хүрээнд ер бус шийдвэр гаргаж болзошгүй» гэлээ.

Байгууллагад нэгдээгүй Туркменистан, Узбекистан улсууд Афганистантай болон байгууллагын гишүүн орнуудтай хил залгаж байна. Эдгээр хоёр улс ХАБГБ-ын аюулгүй байдлын системийг төлөвшүүлэхтэй холбоотой бас нэг түвэгтэй асуудал болсон юм. Ялангуяа Узбекистаны байдал түгшүүртэй байна.Нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа оршин суугчдын нэг хэсэг нь лалын радикал бүлгүүдийн үзэл санааг хүлээж авах объектив нөхцөл тус улсад байгаа.

Гэсэн ч ОУ-аас Узбекистан, Туркменистан улсуудтай тогтоосон хоёр талын хэлхээ холбооны шугамаар болон ХАБГБ-ын хүрээнд аюул сорилтыг няцаах харилцан ажиллагааны механизмыг боловсрулах нь зайлшгүй чухал гэж Игорь Коротченко хэллээ.

Гэсэн ч ОХУ-д шууд аюул  учраагүй нөхцөлд оросын арми Төв Азийн орнуудын нутаг дэвсгэрт ямар ч байлдаан, мөргөлдөөнд оролцохгүй гэж Игорь Коротченко онцлон тэмдэглээд:

«Мэдээжээр оросын цэрэг амь өрж, Төв Азийн дэглэмүүдийн тогтвортой байдлыг хангах ёсгүй. Бид эдгээр улсын армийг байлдах чадвартай болгох ёстой. Байдал эрс доройтвол «Талибан» болон «Аль-Каида» зөвлөлтөөс хойшхи орон зайд нэвтрэхээс сэрэмжлэхийн тулд хариуд шуурхай ажиллагаа явуулах хамтарсан хүчний механизмыг ашиглах асуудлыг эргэцүүлэн бодох хэрэгтэй" гэж хэллээ.

Үүний хамт 2014 онд гарах дээрх асуудал ЗХУ-ын БНУлсууд байгаад тусгаар тогтносон Дунд Азийн орнуудад төдийгүй бүх бүс нутагт хамаатай. Иймээс ХАБГБ-ын боломж Төв Азид хязгаарлагдмал байна гэж Стратегийн тухайн байдлын төвийн захирал Иван Коновалов тэмдэглэн хэлээд:

«ХАБГБ-ын удирдлага НАТО-д хандаж, бүс нутагт хамт ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч НАТО нааштай хариу өгөөгүй. ХАБГБ НАТО шиг хөл дээрээ зогсож төлөвшөөгүй гэж эвслийн зарим гишүүн үзэж байгааг ХАБГБ-ын төлөөлөгчид гудаманд мэдээлэв. НАТО ХАБГБ-ын талаар ихэмсэг зантай байна. Энэ нь зөв биш бодлого» гэлээ.

Харин ХАБГБ-ын гишүүн орнууд Умард Атлантын эвслийг оролцуулалгүй хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангаж чадна. НАТО Төв Азийн зарим улсад эдийн засгийн тодорхой сонирхолтой байгаа учраас өрнөдийн эвсэл түншлэх харилцаа ХАБГБ-тай арга буюу тогтоох юм.