Өчигдөр ажлаа дууссан ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурлаас Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийг байгуулах шийдвэр гаргав. Энэ алхам хятадын удирдлагад аюулгүй байдлын хүрээнд шинэ сорилт тулгарсныг тусган харуулж байна гэж Хятадын талаархи оросын шинжээч Андрей Карнеев «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

Бүр 1990-д онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг үлгэр жишээ болгон ийм байгууллагыг Хятадад байгуулахаар төлөвлөсэн билээ. Гэвч Хятадын дарга асан Зян Зэминь, Ху Зинтао нар тусгай газар дундын байгууллагыг байгуулж амжаагүй.

Үүнд улс төрийн багагүй урам зориг шаардагдсан бололтой. Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийг байгуулах тухай шийдвэр гадаад улс төр болон зэвсэгт хүчний удирдлагыг оролцуулан хүчний байгууллагуудыг хамрах байх.

Гадаад улс төрийн байдал хүндэрсэн явдал АЗ-ийг байгуулах саналыг сэргээхэд үзүүлэх чухал шижим түлхэц болсон. БНХАУ-ын эдийн засаг өсөн нэмэгдэж, үр нөлөө нь өргөжих тусам дэлхийд гадаад бодлогын хүрээнд тогтонги бус хүчин зүйлүүд гаарч байна.

Энэ нь Хятад болон бусад улс хоорондын гарсан санал зөрөлдөөн болон терроризм, мансууруулах бодисын тээвэрлэлт, улс үндэстэн дамнасан гэмт хэрэг хурцдах аюулаар илэрч байна.

Гадаад улс төрийн асуудлууд улс дотор үймээн дэгдээж мэдэхийг Японтой маргаан хурцадсан үе нотлон харуулав. 2012 оны намар ажиглагчид японы эсрэг тэмцэл хөдөлгөөний явцад эрх баригчид байдлыг хяналтдаа бүрэн авч чадахгүй байгааг мэдэрчээ.

Тус зөвлөлийг байгуулах зорилго төрийн аюулгүй байдлыг хангах механизм, стратегийг боловсронгуй болгоход оршино гэж бүгд хурлын албан мэдээнд онцложээ.

Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази, Африкийн дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө АЗ-ийг байгуулах санал албан мэдээнд «нийгмийн удирдлагын төвшинг дээшлүүлэх, нийгмийн зөрчлийг арилгах» зорилтын дараа дурдагдсан байна.

Энэ нь дотоодын байдлыг тогтонги болгох асуудал шинэ байгууллагын ажилд эн түрүүнд гарахыг харуулсан гэж оросын шинжээч үзэж байна.

«Сүүлийн жилүүдэд тогтонги байдлыг дэмжих системийг шүүмжилж ирсэн нь нууц хэрэг бишээ. Мөн систем хурц байдлыг намжаахад чиглэгдсэн ч үр дүнд тэр болгон хүрэхгүй байсан. Экологийн асуудал тулгарах, тариачдын газар талбайг булаан эзлэх, эрх мэдлээ хортойгоор ашиглах үед эсэргүүцлийн шалтгааныг илрүүлж мэдэлгүй залхаан цээрлүүлэх арга хэмжээг л эн түрүүнд тавьсныг шүүмжилж байсан» гэж Андрей Карнеев хэллээ.

Эрх баригчид дотоодын аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагааг хэрхэн уялдуулан зохицуулж байгаад сэтгэл дундуур байна. Санаанд багтамгүй гэмээр хэрэг явдал-Бээжингийн төвд Тяньаньмэнь талбайд явуулсан террорын ажиллагаа сүүлчийн түгшүүрийн дохио болсон юм.

Чухам энэ хэрэг явдал Улсыг аюулаас хамгаалах зөвлөлийг байгуулах гол шалтгаан болсон гэж үзэж болохгүй. Гэвч хүчний нүсэр аппаратын ажил тасалдаж байгааг харуулсан жишээ боллоо.

ХКН улс төрийн засаг оршиход хамаатай шийдвэр гаргах механизмыг улам идэвхтэй шинэтгэх бодолтой байгааг шинэ байгууллагыг бий болгох шийдвэр тусган харуулав. Зөвлөлийг чухам хэн тэргүүлэх вэ гэдэг асуудал сонирхол татаж байна.

Энэ нь дээгүүр албан тушаалтай удирдагч болох ёстой. Учир нь шинэ байгууллага Нийгмийн аюулгүй байдлын яам, Улсыг аюулаас хамгаалах яам, ГХЯ, БХЯ гээд хэд хэдэн тусгай газрын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах юм. Си Зинпин шинэ байгууллагыг өөрөө тэргүүлж болзошгүй.

Улсыг аюулаас хамгаалах зөвлөл өнөөгийн Цэргийн төв зөвлөл мэт нам-төрийн байгууллага болох юм. Энэ нь бусад улс түүний дотор Аюулгүй байдлын зөвлөл өнөөгийн байдлаар 1992 оноос ажиллаж байгаа ОУ-ын мөн адил байгууллагуудтай хэлхээ холбоог хялбарчлахад туслана.