Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн зочин бол Оросын ардын жужигчин Александр Малинин юм. Эстрадын тэнгэрт түүний од 1988 онд Юрмалагийн дууны уралдаан дээр ассан билээ. Түүний дуулсан «Хэрэггүй үгс» уянгын зохиомж, жүжигчний цаашдын уран бүтээлийн хэв маяг-романс буюу уянгын дуу, дууль болохыг тодорхойлсон юм. (Дуу)

Александр Малинин 1958 оны 11-р сарын 16-нд Уралын Свердловск хотод төрж, хүүхэд насандаа найрал дуу, бүжгийн дугуйланд суралцаж байжээ. Өсвөр насандаа тэрбээр угалз бүрээний найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглодог байсан юм.

Тэрбээр төмөр замын дунд сургууль төгссөн ч машинистын мэргэжил түүнд таалагддаггүй байжээ. Тиймээс Александр Сведловскийн филармоны дэргэдэх эстрадын урлагийн студид элсэн орсон байна.

Улмаар Уралын орос ардын найрал дуунд дуулж байгаад 1977 онд Зөвлөлтийн цэргийн албанд татагдан Уралын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучнаар албаа дүүргэж, халагдсаныхаа дараа мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшихээр Москваг зорижээ.

Александр Малинины анхны гоцлон дуулалт 1987 онд Москвагийн рок-фестиваль дээр болжээ. Гэвч залуу жүжигчний хувь заяаны гол үйл явдал арай болоогүй байлаа.

1988 онд Бүх холбоотын телевизийн залуу дуучдын «Юрмала-88» уралдаанд тэрбээр Гран-при шагналын эзэн болсноор түүнд алдар хүнд ирсэн юм. Түүний концертууд Москвагийн төдийгүй Орос болон гадаадын хотуудын танхимыг байнга дүүргэдэг байна. (Дуу)

Тэрээр 1990 онд өөрийн анхны концертын шоу-хөтөлбөрийг «Александр Малинины цэнгээнт үдэшлэг» нэртэйгээр зохион явуулснаас хойш түүний ийм үдэшлэгүүд уламжлал болон Москвагийн хамгийн нэр хүнд бүхий концертын танхимуудад явагдах болжээ.

Түүний урын санд 10 гаран ийм хөтөлбөрүүд байгаа бөгеөөд энэ нь балет болон үлгэр жишээ найрал хөгжмийн жүжигчдийн оролцсон асар том өнгөлөг шоу юм.

Харин манай хөтөлбөрийг тэрээр цааш нь «Цагаан морь» дуугаараа үргэлжлүүлж байгааг таалан соёрхоно уу! (Дуу)

2003 онд Александр Малинин өөрийн уран бүтээлийн шинэ хуудсыг нээж анх удаагаа Москвагийн хөгжмийн хүрээлэнгийн Их танхимын тайзан дээр сонгодог романсыг дуулсан бөгөөд энэ том агуу их алдартай танхимд дүүрэн үзэгчид хуран цугларч, 1 ч сул суудал үлдээгүй байна.

Тэрбээр өөрийн уран бүтээлийн урт хугацаанд романсын жанрыг сонгосноор сая сая сонсогчдын зурх сэтгэлийг эзэмдэж чадсан юм.

«Романсыг дуулж сурна гэдэг боломжгүй, түүнийг мэдрэх ёстой гэдэгт би улам их итгэх болсон. Романсад сэтгэл зүрх нээгддэг юм. Романсыг дуулах биш, түүнээр амьсгалж амьдрах хэрэгтэй» гэж дуучин маань ярьж байна.

Манай өнөөдрийн хөтөлбөрийг Александр Малинин өөрийн зохиосон «Боломгүй сайхан» зохиомжоор өндөрлөж байна.