Хятадын шинэ удирдлага эдийн засгийн шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлэх анхны буурьтай арга хэмжээ авах ёстой. «Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид 11-р сарын 9-12-нд Бээжинд болох ХКН-ын ТХ-ны хаалттай бүгд хурлын гол зорилгыг тэгж тодорхойлсон байна.

Бүгд хурлын шийдвэрүүдийг тойрон ширүүн маргаан үүссэн.ХКН-д төрийн гол үүрэг ба зах зээлийн талынхан тэмцэлдэж байна гэж тэд үзэж байна.

Бүгд хурал улс орны байдлыг их өөрчилж мэднэ. Дэн Сяопины санаачилсан эдийн засаг экспортыг баримжаалах бодлого зорилтоо биелүүлсэн.

Шинэ загвар юуны түрүүнд дотоодын эрэлт,хэрэглээг урамшуулах, зах зээлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэхийг шаардаж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд:

«Хятадад шинэтгэлийн уг чанар урьд хаалттай байсан салбаруудыг зах зээлийн харилцаанд хамруулахад оршино. Эдгээр нь амины капиталын хөгжил, амины капитал улсын банкуудад нэвтрэх боломж зэрэг билээ.

Мөн түүнчлэн хоршооллын газар талбайг чөлөөтэй худалдах, худалдан авах эрх түүнд бас багтаж байна. Ийм газар талбайг наймааны чөлөөтэй эргэлтэд оруулахыг саяхан болтол хориглож байв. Хамгийн гол нь улсын томоохон компаниудыг хувьчлах юм.

Жишээ нь одоо энергийн нөөцийг улсын бүрэн хяналтад байлгахад туслаж байгаа Хятадын үндэсний нефть хийн компанийг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Энэ нь тээврийн үнэ төлбөр, энергийн нөөцийн үнийг хяналтдаа авсан гэсэн үг» гэлээ.

Хятадын эдийн засагт шинэ хөрөнгө оруулах нь шинэтгэлийн гол зорилгын нэг гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Бүгд хурлаар ойрын 10 жилд Хятадад хэрэгжүүлэх шинэтгэлийн өргөн цар хүрээтэй төслийг батлана. Миний бодоход хятадын эдийн засгийн зах зээлийн харилцааг хөгжүүлэхэд чиглүүлэх дотоодын ба гадаадын хөрөнгө оруулалт төлөвлөгөөнд чухал байр эзлэнэ.

Төлөвлөгөөг батласны дараа гаднаас болон дотроо хөрөнгө оруулах юм. Хөрөнгө оруулах уур амьсгал таатай хэвээр байгаа учраас бүхэл бүтэн салбарууд хөрөнгө оруулалтад нээлттэй байх болно.

Ер нь хятадын зах зээл маш их юм. Тус улсын зах зээл дэлхийн эдийн засагт зонхилж, их ашиг өгөх төлөвтэй хэвээр байна. Иймээс дэлхийн хамтын нийгэмлэг болох гэж байгаа намын бүгд хурлыг гойд сонирхож байна» гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн төвөөс эдийн засгийн шинэтгэлийн шинэ үе шатны сэдвүүдийг тодорхойлжээ. Засгийн газрын тэргүүн Ли Кэцян эдийн засгийг шинэтгэх нөлөө бүхий тулгуур төвийг байгуулсан гэлцдэг.

Сэдвүүдийг Дэлхийн банктай хамтран бэлтгэв. Эдгээр сэдвийн талаар санал шүүмжлэл үүссэн гэж улс төр судлаач Сергей Труш «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд:

«Илтгэл болон ирээдүйн хөгжлийн стратегийг магадлан шинжлэж, улс төрийн тэмцэл хийж байна. Энэ илтгэл зах зээлийг хэт баримжаалсан гэж төрийн өндөр үүргийг дэмжигч хэд хэдэн шинжээч үзэж, илтгэлийг эрс шүүмжилж байна.

Төрийг эдийн засгийн хөгжлийн үндсэн болзолын механизмыг тодорхойлохоос гаргаж зайлуулахад эртдэнэ гэж тэд үзэж байна. Янз бүрийн таавар бүгд хурлыг тойрон тархсан ч хятадын эдийн засгийн загварын хөгжлийн шинэ үе шат болох шийдвэр гаргах нь тодорхой зүйл» гэв.

Бүгд хурал Хятадын тогтонги байдалд заналхийлж мэдэх асуудлаар байр суурийг тодорхойлно гэж шинжээчид үзэж байна. Эдгээр түвэг бэрхшээл тус тусдаа аюултай биш. Харин нийтдээ нэлээд аюултай.

Хөгжлийн хурд, хүн амын орлогын өсөлт аажим болж байгаа нь эдгээр асуудлын нэг билээ. Төвийн ба орон нутгийн банкуудаас олгосон зээлийг буцаахгүй хэрэг явдлыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Эдгээр зээлийн ачаар орлого хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхгүй нөхцөлд ч нэдээд удаан өсөн нэмэгдэж ирсэн.

Эцэст орон нутгийн нам-захиргааны ба бизнесийн элитын байр суурь бэхжсэн нь төвийн удирдлагыг түгшүүлж байна. Одоо эдгээр бүлгийнхний төлөөлөгчид л авилгалтай хийж буй ХКН-ын тэмцлийн гол бай болсон юм.