11-р сарын 6-нд НҮБ-ын ЕА Олимпийн наадмын үеэр түр гал зогсоох тухай оросын тогтоолын төслийг авч үзэх юм. Уламжлал ёсоор ээлжит Олимпийг хүлээн авах улс баримт бичгийг бэлтгэдэг.

Олимпийн наадмын үеэр гал зогсоох тухай манай эрний өмнөх У111 зуунд анх удаа зарлажээ. Эрт дээр үед энэ зарчмыг бүгд нарийн чанд даган мөрдөж ирсэн хийгээд зөрчигчийг хатуу шийтгэж байсан юм. Харин одоо Олимпийн наадмын үеэр эвлэрэн гал зогсоох уламжлалыг мөрдөж байна уу?

Гол төлөв уламжлалыг хүндэтгэн энэ тухай тогтоол гаргадаг. НҮБ-ын ЕА-ейн дийлэнх олонхи тогтоолын нэгэн адил тэр зөвлөх төдий шинж чанартай. Түүнийг заавал гүйцэтгэхгүй. Оросын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Николай Долгополов хэлэхдээ:

«Олимпийн наадмын өдрүүдэд удтал хүлээсэн эвлэрэл тогтоохыг хичээх хэрэгтэй. Гэвч ямар нэг цэргийн мөргөлдөөн гарвал тэр Олимпийн наадмыг зохион явуулахад огт нөлөөлөх ёсгүй» гэжээ.

Олимпийн наадмыг зохион явуулах уламжлалыг сэргээсний дараа дэлхийн болон бүс нутгийн мөргөлдөөн Олимпид саад болсон юм. 1916 оны зуны Олимпийн наадам дэлхийн 1-р дайны улмаас явагдсангүй. 1940,1944 онд спортод анхаарал тавих нөхцөл боломжгүй байсан.

Израилийн тамирчдыг барьцаалсан эмгэнэлт хэрэг явдал 1972 оны Мюнхений Олимпийг гутаав. 2008 онд Гүржийн тэр үеийн удирдлага Өмнөд Осетид халдан довтолж, хэрэг явдлыг Бээжингийн Олимпийн нээлттэй холбон үзсэн билээ.

2012 оны Лондоны Олимпийн үеэр Сирид дайнаа зогсоосонгүй. 2014 оны өвөл ч нам гүм болохгүй байх гэж Стратегийн зам харилцааны төвийн дэд ерөнхийлөгч Дмитрий Абзалов үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Түрэмгийллийг буруушаахгүй байгаа зарим улсын байр суурь уламжлалыг зөрчих ноцтой хүчин зүйл болсон. Жишээ нь Гүржийн талаар улс орнуудын байр суурь өдгөө хүртэл тэр болгон нийцэхгүй байна. Энэ нь цаашдаа уламжлалыг ахин зөрчинэ гэсэн үг» гэж хэлэв.

Гэсэн ч «Спорт бол энх тайван мөн» гэдэг уриа чухал ач холбогдолтой хэвээр байна гэдэгт НҮБ болон Олон улсын олимпийн хороо найдаж байна. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Нью-Йоркод НҮБ-ын ЕА-ейн 68-р чуулган дээр үг хэлэх болно.

«Спорт энх тайван, хөгжлийн төлөө» уулзалтын үеэр Томас Бах 2014 оны өвлийн Олимпийн наадам явагдах үед 2-р сарын 7-оос 23-ныг дуустал «олимпийн эвлэрэлийн зарчмыг» даган мөрдөхийг уриална.