Хятадын аялал жуулчлалын агентлагуудаас явуулж буй, «Бэйзин циняньбао» сонинд нийтлүүлсэн санал асуулгын үр дүнгээс харахад энэ оны эхний 9 сард хятадын нийслэлд аялах гадаадын жуулчдын тоо тэн хагасаар багассан байна. Энэ нь нийслэлийн экологийн таагүй байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Өнөөгийн байдлыг өөрчлөхгүй бол Хятадад гадаадын аялагчдын тоо 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа цөөрөх юм. Нийслэлийн бохир агаар гадаадын жуулчдын тоог хорогдуулах гол шалтгааны нэг болсон байна. Түүнээс гадна өрнөдийн ХМХ бохирдолын хэмжээг хэтрүүлж байна гэж сонинд бичжээ.

Цагаан хэрэм, Ихэюань буюу Тяньаньмэнь талбай гэх мэт түүхийн сүрлэг дурсгалууд хятадын болон гадаадын жуулчдын сонирхолыг татсаар байгаа боловч утаа сэтгэгдэлд нь муугаар нөлөөлж байна. Сүүлийн жилд Бээжинд нэг ч өдөр агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүйн стандартад нийцэхгүй хэтэрсэн байдалтай байгаа юм.

Байдлыг үндсээр нь өөрчлөх арга хэмжээ авахыг Бээжин хотын засгийн газар оролдож байна. Хот утаанд гурваас илүү олон өдөр бүрхэгдвэл хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах төлөвлөгөөг сайшаажээ. Гэвч энэ арга хэмжээ нийслэлийн агаарын чанарт нааштай нөлөөлөхгүй. Учир нь бохирдолын бараг 60 хувь нь Бээжингийн ойр хавийн мужуудын байдалтай холбоотой гэж экологчид үзэж байна.

Бээжингийн агаар чанар муутай байгаа нь гадаадын жуулчдын тоог цөөрүүлэх цорын ганц шалтгаан биш. Хятадад хийх аялалын зардал нэмэгдэж байна. Энэ онд доллартой харьцах юанийн ханш барагцаалбал 2 хувиар өсөн нэмэгдсэн учир БНХАУ-д хийх аялал илүү их үнэтэй болсон гэж «Уолл-стрит жорнэл» сонинд тэмдэглэн бичжээ.

Хөрш зэргэлдээ орнуудтай нутаг дэвсгэрийн асуудлаар үүсгэсэн маргаан бас нэг шалтгаан болжээ. Ялангуяа Япон, Өмнөд Солонгосын жуулчдын тоо эрс буурсан байна. Дяоюйдао арлуудаас болж үүссэн хэрүүл маргаан Япон Хятадын хоорондын түгшүүртэй харилцааг шатлан өргөжүүлсэн нь энэ оны эхний хагаст японы жуулчдын тоог 54,5 хувиар хорогдуулах уршигтай болсон.

Энэ оны эхний хагаст Хятадад гадаадын жуулчдын тоо 7,1 хувиар багассан юм. Эрх баригчдаас шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол Хятадад аялах гадаадын жуулчдын тоо цөөрэх хэрэг явдал урт хугацааны хандлага болон хувирч мэднэ.