Герман болон АНУ бие биенээ тагнан мөрдөхгүйгээр тохиролцоонд хүрсэн тухай германы ХМХ-үүд уламжлав. Өнгөрсөн долоо хоногт Берлинээс явсан өндөр албан тушаалтнуудын төлөөлөгчид Цагаан ордонд амжилттай яриа хэлэлцээр явууллаа гэж “Франкфурт альгемайне” сонин холбооны засгийн газрыг иш татан мэдээлжээ.

Уг гэрээ дараа жилийн эхээр хүчин төгөлдөр болно. Иймэрхүү гэрээнүүд нь АНУ болон англи хэлтэй нилээд хэдэн орнуудын дунд байдаг.

Нөгөөтэйгүүр, үүний өмнө Герман болон Бразиль НҮБ-ын ЕА-г цахим технологийн үед хүний хувийн амьдралын эрхийг хамгаалах тухай тогтоол батлахыг уриалсан. Бразили, Германы эрх баригчид Эдвард Сноудены дамжуулсан америкийн тагнан чагнах программуудын цар хэмжээний тухай нийтлэлүүдэд бухимдацгаасан.

Эдгээрт тухайлбал, америкийн тагнуулын алба Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф болон Германы канцлер Ангела Меркель нарын утасны яриануудыг чагнаж, цахим шууданг эвдлэн орж байсан баримтууд бий юм.