Манай өнөөдрийн хөтөлбөр Оросын ардын жүжигчин Валентина Толкуновагийн дурсгалд зориулагдсан юм. Тэрбээр олон сая үзэгчдийн зүрх сэтгэлийг өөрийн дуугаараа дулаацуулахаар 40 жил тайзан дээр гарсан билээ. Түүнд өөрийн гэсэн өвөрмөц дулаан дуулах маяг, ялангуяа сэтгэлийн элгэмсүү чанар байсан юм. Тэрээр Оросын булан бүрт үзэгчдийн дурласан олон зуун дууг дуулсан бөгөөд АНУ, Канад, Европын олон улсууд, мөн Австрали, Япон, Энэтхэг, Вьетнам, Афганистан улсуудад түүнийг алга ташин хүлээн авдаг байжээ.

Валентина Толкунова Краснодарын хязгаарын Армавир хотноо төрсөн боловч өөрийгөө үргэлж Москвагийн хэмээн тооцдог байсан юм. Учир нь түүний гэр бүл Москва луу нүүн ирэхэд тэрээр ганцхан настай байжээ. Энд тэрбээр хэлд орж, явж, дурлаж, итгэж, дуулж сурчээ.

Валентина Толкуновагийн дуулаачийн карьер нэгэн хүүхдийн найрал дууны бүрэлдэхүүнд эхэлсэн байна. Дараа нь Гнесины нэрэмжит хөгжмийн сургууль, Москвагийн соёлын Их сургуулийг тус тус дүүргэжээ. Дуу хөгжмийн оркестрын бүрэлдэхүүнд залуу дуучин маань 5 жил жаз хөгжимтэй дуулсан байна. Хожим он жил өнгөрсний дараа түүнийг яагаад жаз дуулахаа болисоныг асуусанд тэрээр: «Яагаад гэвэл энэ хөгжим хэдэн мянган хүмүүст зориулагдсан байж магадгүй. Харин би сая сая хүмүүст зориулсан жанрыг олж авсан» гэж хариулжээ. Дуучин маань дууны уран бүтээлд хэзээ ч хэнийг ч дууриаж давтаагүй өөрийн гэсэн замыг олж авсан юм. Иймээс тэр өөрөө ч дахин давтагдашгүй билээ.

 

Алдарт зохиогч Владимир Мигуля «Ээжээ, надтай яриач» дуугаа бичээд ямар дуучинд өгөхөө мэдэхгүй байжээ. Эдгээр төсөөлөхийн аргагүй мөрүүдэд өчнөөн их хайр энэрэл, халуун дулааныг шингээсэн тэр дуучин нь Валентина Толкунова болсон юм.

Харин Валентина Толкунова өөрөө ээж болоход хөгжмийн зохиолч Борис Емельянов түүнд хүүхдийн тухай «Хамарнууд, шантгар хамарнууд» дуугаа бэлэглэжээ. Анх дуулагдангуут энэ дуу асар их алдар хүндийг олсон байна.

Нэгэнтээ түүнээс дуу, алдартай шилдэг болох уу гэдгийг урьдчилан мэдэж болох уу гэж асуужээ. «Үүнийг хэн ч хэзээ ч –дуучин ч, хөгжмийн зохиолч ч мэдэхгүй. Ард түмэн өөрийн шилдэг дуунуудыг өөрсдөө сонгодог» гэж оросын эстрадын алдарт жүжигчин хариулжээ.

«Багахан өртөөн дээр зогсож байна» хэмээх алдартай дуугаар Оросын ардын жүжигчин Валентина Толкуновагийн дурсгалд зориулсан хөтөлбөрөө өндөрлөж байна.