Сенатын тагнуулын хороо АНУ-ын ҮАБА-ийг шинэтгэх тухай хуулийн төслийг сайшаав. Утсаар хийх яриаг замаас нь сэм чагнаж,электрон захидал харилцааг шалгахыг хориглоно. Ийм мэдээлэл авахыг тодорхой болзлоор л зөвшөөрнө.

Тагнуулын тусгай газар «тодорхой болзол» тавих нь гол зүйл юм. Энэ хуулийн төслийг эсэргүүцэгчид мэдээллийг онцгой тохиолдолд хууль зүйн үндэслэлтэй олноор нь гаргаж авахыг зөвшөөрөх тухай төслийг бэлдэж байна.

Цагаан ордон давшилж эхэлсэн шиг байна. ҮАБА-аас аймшигт ажиллагаа явуулаагүй. Дөнгөж заагыг бага зэрэг давсан гэж засаг захиргаа үзэж байна. Гэсэн ч ач тус нь үүнээс их байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.

Онгоц унах, барилга байшин дэлбэрэх, алан хядах ажиллагаанаас сэрэмжилж амжсан. Юу гэвэл тусгай албад иймэрхүү төлөвлөгөөг урьдаас илрүүлэн мэдсэн гэж тэрээр хэлжээ. Гэвч ҮАБА-ийн олон улсын хэмжээний тагнан мөрдөх ажиллагааны тусламжтайгаар террорын ажиллагаа явуулахаас сэрэмжлэсэн тодорхой ямар ч жишээг Керри дурдсангүй.

Ийм жишээ үгүй гэж Эдвард Сноудены илчлэсэн үйл ажиллагааны тухай бусдаас түрүүн мэдээлсэн америкийн хуульч, блог зохиогч, сэтгүүлч Глен Гринвальд хэллээ. АНУ-ын тусгай албад 4-р сарын 15-нд Бостонд марафон гүйлтийн үеэр террорын ажиллагааг сэрэмжилж чадаагүйг тэрээр дурдлаа.

Үндэсний аюулгүй байдлын агентлаг мэдээлэл баримтыг авч нэтгэхийг үйл явц төдий зүйл хэмээн үзэн сонирхож байна. Агентлаг маш олон мэдээлэл баримт авсан явдал сөрөг дүнтэй болсон гэж Гринвальд хэлээд

«ҮАБА ямар ч гэм зэмгүй талаар аль болох их хэмжээний мэдээлэл баримт авах тусам ажил нь сөрөг дүнтэй болж байна. Түүнчлэн террорын дайралтаас сэрэмжлэх боломж нь багасч мэднэ. Маш их хэмжээний мэдээлэл авсан тул түүгээ ялган, нэгтгэн дүгнэж чадахгүй байна» гэв.

ҮАБА-ийн аппаратыг шинэтгэх эсэх нь том асуудал болсон юм. Мэдээжээр Үндэсний аюулгүй байдлын агентлагийг үндсээр нь өөрчлөхгүй. Нэг ч улсын тагнуулын тусгай газрыг тэгж өөрчилдгүй.

Гэвч улс төрийн хүсэл эрмэлзэл байвал дур зоргын ажиллагааны  хүрээг хязгаарлаж болно. Шинэтгэл хэр урагш ахихыг хэлэхэд хэцүү юм. Барак Обамагийн засаг захиргаа л Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажиллагааг өөгшүүлэн дэмжив.

Конгрессын судлалын албаны тоо баримтуудаас харахад өнгөрсөн зууны 90-д оны сүүлээр АНУ-ын ТТГ, Пентагон, ҮАБА, Төрийн департамент болон бусад тусгай газарт 25-30 тэрбум доллар гаргажээ. Энэ он гэхэд эдгээр хөрөнгө бараг гурав дахин өсөн нэмэгдэж,78 тэрбум долларт хүрэв. Ийм санхүүгийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа нэлээд удаан үргэлжлүүлж болох биз дээ…