Төв банк олимпийн 100 рублийн мөнгөн дэвсгэртийг эргэлтэнд гаргалаа. Ойрын өдрүүдэд дурсгалын мөнгөн дэвсгэрт улсын бүх бүс нутагт бий болно.

Энэ нь Оросын түүхэнд анх удаа, дэлхийн хоёр дахь удаагийн олимпийн мөнгөн дэвсгэрт юм. Үүнээс өмнө дурсгалын мөнгөн дэвсгэртийг зөвхөн 2008 онд Бээжингийн олимпийн наадамд зориулан гаргажээ.

Петербургийн уран зургийн академийн оюутан, мөнгөн дэвсгэртийн загварыг зохиогч Павел Бушуевын ярьснаар, эхлээд тэрбээр уран гулгагчийг дүрслэхийг хүссэн боловч дараа нь өвөрмөц байдлаар шийдэж сноубордистын харайж байгаа дүрийг босоогоор сонгон авчээ. Дэвсгэртийн нөгөө талд Сочийн стадион дээгүүр нисэж буй галт шувууг дүрсэлсэн байна.

Шинэ мөнгөн дэвсгэртийн нийт хувь хэмжээ 10 саяас доошгүй юм. 10 сарын 29-өөс Орос улсын оршин суугч бүр шинэ 100 рублийн дэвсгэртийг зүгээр хариултад авч болно. Гэвч хэвлэгдсэн хувийн зарим хэсэг дурсгалын хийцтэй гарсан бөгөөд тийм дэвсгэртүүдийг тусгай дэлгүүрүүдэд олимпийн бэлгэ тэмдэг болгон худалдаалах юм.

Цуглуулагчид аль хэдийн түүний хойноос ангуучилж эхэлсэн гэж мөнгөн тэмдэгч Юрий Гукасов яриад:

«Маш олон цуглуулагчид спортын сэдэвтэй мөнгөн тэмдэгтийг цуглуулдаг. Өмнөх олимпийн наадмын мөнгөн тэмдэгт ховор зүйл болсон бөгөөд их үнэтэй байдаг. Түүн дээр олимпийн стадион дүрслэгдсэн бөгөөд тэр 10 юаний дэвсгэрт одоо 100 дахин их үнэтэй болжээ гэсэн юм».

Ер бусын мөнгөн дэвсгэртийн зэрэгцээ Төв банк 40-өөд төрлийн Олимпийн наадмын бэлгэ тэмдэг болох дурсгалын болон хөрөнгө оруулалтын зоосыг гаргасан байна.