2014 оны Сочийн өвлийн Олимпийн наадам өөрийн мэдэлд бас нэгэн объект, аюулгүй ажиллагааны хамгийн хатуу шаардлагыг хангасан, шинэлэг технологи ашиглан баригдсан төмөр замын «Адлер» вокзалыг хүлээн авлаа.

Түүний нээлтийн ёслолын арга хэмжээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар оролцсон байна.

Шинэ төмөр замын вокзал 23 мянга гаруй кВ.м талбай эзэлж байгаа нь Лондоны «Кингс-Кросс» вокзалаас 3 дахин их юм. Цаг тутам 15 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Стамбулын алдарт «Хайдарпаша» вокзалаас 2 дахин илүү зорчигчдод үйлчлэх чадвартай байна. Харин нэгэн зэрэг вокзал дотор 2 мянган зорчигчид байрлах боломжтой юм.

Төслийг зохиогч, барилгачид өөрийн ажилд зөвхөн хамгийн шилдэг технологийг ашигласан байна. Арга хэмжээнд оролцогчдын өмнө оросын тэргүүн үг хэлэхийн ялдамд 3 жилийн өмнө уг вокзалын тулгын чулууг тавилцсанаа дурссан юм. Өнөөдөр ерөнхийлөгчийн үзэж байгаагаар төслийг хэрэгжсэн гэж тооцож болно.

«Та нарын хөдөлмөрийн ачаар, ажил өндөрлөснийг бид магадлан баталж болох байна. Энэ барилга дээр ажилласан олон хүмүүсийг би харж байна. Сочи хот зөвхөн өөрийн хотод төдийгүй, бүх бүс нутаг, Оросын өмнө нутаг, мэдээж ирээдүйн Олимпийн наадамд зориулсан жинхэнэ зам тээврийн ууд хаалгыг хүлээн авлаа.

Энэ цогцолбор манай орны иргэд, Олимпийн наадмын зочдыг тавтай аялан зорчиход зориулсан бүхий л зам тээврийн холбооны нэгдсэн сүлжээг нэгтгэж байгаа юм» гэж Владимир Путин хэллээ.

Барилгын явцад гол чухал асуудлуудын нэг эрчим хүч хэмнэх явдал байсан бөгөөд дээвэр дээр нарны зай, өвлийн цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүсийг байрлуулжээ.

Цаашдаа вокзал зорчигч тээврийн: төмөр зам, авто зам, агаарын болон далайн тээврийн нэгдмэл системийн нэг бүрэлдэхүүн болох юм. Шинэ вокзал бүтцийн хувьд өвлийн Олимпийн нийслэл Сочи хотын нисэх онгоцны буудалтай холбоотой юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээний өмнө Владимир Путин, ОУОХ-ны ерөнхийлөгч нар нисэх онгоцны буудлаас вокзал хүртэл шинэ тохилог «Алтан хараацай» галт тэргээр явж хүрсэн юм. Тэд шинэ вокзалын тухай хожим улсын ерөнхийлөгчийн «Бочаров ручей» өргөөнд хэлэлцээрийн үеэр ярилцсан байна. Адлер дахь шинэ вокзал маш их таалагдсаныг Томас Бах онцолжээ.

«Энэ вокзалыг хэдхэн жилийн дотор барьж чадсан нь миний гайхшралыг төрүүлээд зогсохгүй шинэ хуучин вокзалын хоорондын хосгүй холбоо, уран барилгын шийдлээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан боломжууд миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм. Энэ вокзалд хараа муутай хүмүүст тусгайлан зориулсан замыг хүртэл харгалзан үзсэнийг би өнөөдөр мэдлээ» гэж тэрбээр өгүүлжээ.

ОУОХ-ны ерөнхийлегч өвлийн уралдаан тэмцээнүүд өндөр төвшинд болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, «олимпийн объектууд тамирчдад хосгүй нөхцлийг олгох юм». Бах Оросын ерөнхийлөгчид «гайхамшигтай хамтын ажиллагаанд» талархсанаа илэрхийлжээ.