Оросын нэрд гарсан гурвалсан морь оролцох үзэгч олны сонирхол татам уралдаан жил дутам Москвагийн төв морин тойруулгад болдог. Ийм 15 дахь удаагийн уралдааныг Москвад бэлтгэж эхэллээ.

Гурвалсан морь бол ОУ-ын бэлгэ тэмдэг хэмээн зүй ёсоор үзэж байгаа боловч тэр харьцангүй шинэ бэлэгдэл юм. ХУ111 зуунаас өмнө зун тэргэнд, өвөл чарганд нэг буюу хэдэн морь хөллөж байсан түүхтэй.

Харин хожим зэрэгцээ явах гурвалсан морь цагт 45-50 км хурдтай болох нь илрэв. Иймээс гурвалсон морь алс хол хурдан явахад таарав. «Оросын адуу өсгөх нөхөрлөл»байгууллагын дэд ерөнхийлөгч Алла Ползунова гурвалсан морь ийнхүү хурдлах үр дүнд яаж хүрснийг «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад мэдээлэхдээ

«Оросын гурвалсан морь бол янз янзын явдалтай морь хөллөх хосгүй арга барил юм. Дунд морь цогин давхиж, хажуугийн хоёр нь хатирна. Тусгай тоноглолын ачаар хажуугийн хоёр нь адилхан татах хүчтэй байна.

Дунд морь үнэн чанартаа хөдөлгөөний өнгө аясыг тодорхойлж, хүчний тэнцвэрийг хангаж байна. Гурвалсан морины хөдөлгөөн гоё төдийгүй морины хүчин чадлыг хуваарьлах үүднээс маш сайн тэнцвэртэй байна» гэв.

Эхлээд шуудан, гал команд зэрэг хүмүүст нэн чухал алба гурвалсан морь хэрэглэв. Баруунаас зүүн хүртэл 10 000 км зайтай ОУ-аас өөр оронд гурвалсан морь бий болох байсан гэж үү? Алла Ползунова хэлэхдээ

«Тэр үед оросынх шиг шуудан өөр ямар ч улс оронд үгүй байсан. Шуудангийн ачааг нэгэн өртөөнөөс нөгөөнд шилжүүлэх систем яв цав ажиллаж байв. Москвагаас Владивосток хүртэл шуудангийн гурвалсан морь үнэхээр «нисч», захидал, илгээлтийг цагт нь хүргэж байсан юм. Цаг алдахгүйн тулд дунд морин дээр хонх зүүж, шуудангийн гурвалсан морь ойртсныг дохиолжээ. Хонх чанга дуугарвал, ээлжит гурвалсан морь явахад бэлэн байх ёстойг дохиолж байсан» гэв.

Оросын анхны гурвалсан морин уралдаан 1847 онд Москвагийн морин тойруулгад болсон юм. Дараа нь ийм уралдааныг оросын бусад хотод яармаг, баярын үед зохион байгуулжээ. ХХ зууны дунд үед оросын гурвалсан морин уралдааны уламжлалыг Москвад Бүх оросын улс ардын аж ахуйн ололтын үзэсгэлэн дээр үргэлжлүүлэв.

Гурвалсан морь хилийн чанадад манай орны бэлгэ тэмдэг болсон. Харин 90-д онд гурвалсан морь хөллөх уламжлал мартагдав. Ингэж хөллөх хосгүй арга барилын нууцыг алдах шахсан.

«Манай байгууллага уламжлалыг сэргээхээр шийдвэрлсэн үед дөнгөж хэдхэн хүн гурван морь ийнхүү хөллөж чадах нь илрэв.Азаар хүмүүс уламжлалыг сэргээхийг үнэхээр сонирхож байгааг 1998 онд анхны туршилтын уралдаан харуулсан.

Ирэх оны эхээр бид Москвад оросын аврага гурвалсан морь шалгаруулах уралдааныг бүр 15 дахь удаагаа зохион байгуулна. Бусад хотод ч ийм урадааныг сонирхох болсон. Нийслэлээс баруун-хойно 500 км зайтай орших Вологда хотноо бараг 4000 хүн оросын гурвалсан морины уралдааныг сонирхож үзэв. Өвөл сибирийн Барнаул хотод хахир хүйтэн байсан ч 80 мянга орчим хүн ийм уралдааныг сонирхон цугларав» гэж Алла Ползунова хэллээ.

ОУ-ын бэлгэ тэмдэг сайхан ирээдүйтэйг үзэгч олон оросын гурвалсан морин уралдааныг улам их сонирхож байгаа явдал нотлон харуулав.