Хятад улс шинжлэх ухааны хөгжилд асар их хөрөнгө оруулж байна. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтын багагүй хэсгийг тэтгэлэг олгохыг хариуцдаг түшмэдүүдтэй сайн харилцаатай эрдэмтэд авдаг байна.

Тус улсын болон Хятадын КН-ын удирдлагын жолоог гартаа авсан Си Зинпинь Хятадын авилгыг КН-ын хамгийн том заналхийлэл хэмээн нэрлэсэн. Сүүлийн үед БНХАУ-д “эрдмийн” юм уу, “шинжлэх ухааны” гэх авилгатай холбоотой дуулиант хэргүүдийг мөрдөн шалгаж байна.

“Шинжлэх ухааны авилга” гэх ойлголт нь Хятадын хувьд харьцангүй шинэ юм. Шинжлэх ухааны салбарын авилга нь янз бүрийн төрлөөр байдаг. Тус улсын төсвийн хуваарилалтын таагүй зүйлүүдийн нэг бол судалгаа, шинжилгээнд зориулсан хөрөнгийг хуваарилахдаа, эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашигласан явдал хэмээн “Глобал таймс” сонинд бичжээ.

Саяхан гарсан Үндэсний статистикийн товчооны тайланд Хятадын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний жилийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ өнгөрсөн онд анх удаагаа нэг триллион юань /нэг их наяд/ давсан ажээ.

Ингэхдээ сүүлийн таван жилд жил бүр 20 хувиар нэмэгдэж байсан. Хятадын засгийн газар үндэсний шинжлэх ухаан, техникийн салбарыг дэмжих хатуу бодлогыг эрс шийдэмгий явуулж байгаа нь эргэлзээгүй юм . Гэтэл авилга хээл хахууль энэ салбарын шинжлэх ухаан-техникийн дэвшилд гэнэт саад тотгор болох нь тэр.

10-р сарын 11-нд болсон хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Вань Ган алмайран, гайхшран, гутарсан тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр түшмэдүүдийг эрх мэдлээ урвуулан ашигласан болон шинжлэх ухааны салбарт хөрөнгө мөнгө шамшигдуулсантай холбогдуулан түүнд энэхүү мэдрэмжүүд төрсөн тухайгаа ярьсан.

Ингэхдээ тэрээр хууль болон намын сахилга батыг хүчтэй зөрчсөн “хөдөөгийн боловсролын түвшинтэй өндөр албан тушаалтныг” заасан бөгөөд одоо түүнд холбогдуулан хавтаст хэрэг нээгээд байгаа аж.

Сайд тодорхой нэр овог нэрлээгүй ч, тэр бол саяхан огцорсон Гуандун мужийн Шинжлэх ухаан, технологийн удирдах газрын дарга Ли Синхуа болох нь тодорхой болсон. Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний салбарын гэрлийн диодын аж үйлдвэрийн тэтгэлгүүдийг их хэмжээгээр олгосон нь Ли овогтныг огцроход хүргэсэн гэж үзэж байна.

Эрдэм шинжилгээний болон судалгааны хөрөнгө мөнгийг хуваарилахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг Фуданий их сургуулийн Мэдээлэл, инженерийн тэнхимийг үүсгэн байгуулагч Чэнь Лянъяо нэг бус удаа тавьж байсан. Тэрбээр сүүлийн хорь орчим жилийн хугацаанд өөрийн төслүүдийн ядаж нэгд нь хөрөнгө олж авах гэж хөөцөлдөж байсан ч, энэ нь бүтэлгүй болж байв.

Төрөөс төслийг хөгжүүлэх санхүүгийн дэмжлэг авна гэдэг бол маш хүнд хэцүү гэж профессор ярьжээ. Нөгөөтэйгүүр, эрх бүхий албан тушаалтнууд болон ерөнхий шинжээч нартай сайн харилцаатай хүмүүст тэтгэлэг баталгаатай олддог байна.

2004 онд явуулсан нийт үндэстний санал асуулгаар, судалгаа шинжилгээнд зориулагдсан нийт хөрөнгийн талаас бага хувь зарцуулагдсаныг харуулжээ. Харин талаас ихэнх нь “зориулалтын бусаар“ зарцуулагдсан байв.

Саяхны Синьхуа агентлагийн мэдээнд, сүүлийн гурван жилийн хугацаанд эрдэм шинжилгээний сангуудын хөрөнгө сангаас доод тал нь 39 удаа хөрөнгө шамшигдуулсан тохиолдол гарсан тухай дурджээ. Вань Ган сайд 10-р сарын 11-нд хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ, эрх баригчид энэхүү тулгамдсан асуудлын чухлыг ухамсарлаж байна гэсэн юм.