Мөсөн спортын ордон «Мөсөн уул» Сочийн Олимпийн наадмын дараа ихээхэн ирээдүйтэй юм. Энэ талбайн төлөө уран гулгагчид, унадаг дугуйн тамирчид аль хэдийн тэмцэлдэж эхэлжээ. Одоогоор стадион бүхэлдээ өвлийн спортод зориулагдсан бөгөөд удахгүй унадаг дугуйн спортод зориулагдан өөрчлөгдөж магадгүй юм.

Уран барилгачид «Мөсөн уулыг» агуу том цул мөс мэтээр бодож төсөөлөн, түүнийгээ аль зун хэрэгжүүлсэн ч дал мод, дулаан Хар тэнгисийн фон дээр спортын стадион өвлийн хүйтэн, хосгүй байдлаар харагдаж байлаа.

Харин талбайн дотор талд уран гулгалтын уралдаан тэмцээн явагддаг бусад аливаа стадионы адилаар ердийн харагдаж байгаа нь анхны сэтгэгдэл юм гэж мөсөн ордны ерөнхий инженер Александр Угаров мэдэгдээд:

«Ийм ордон уран гулгалтад тусгайлан зориулагдсан бөгөөд дэлхийд өөр байхгүй юм. Түүнээс гадна дуу, гэрлийн тийм төхөөрөмж өөр нэг ч мөсөн ордонд байхгүй бөгөөд тэр нь зөвхөн уран гулгалтын үзүүлэх болон бүлгээр хийх тоглолтод тусгайлан зориулагдсан юм» гэжээ.

Гэвч сочийн Олимпийн наадмын үеэр «Мөсөн уулын» мөсөн дээр зөвхөн уран гулгалтын ч биш, мөн тэшүүрийн спортын богино зайн уралдаан болох юм. Барилгачдад энэ 2 спортын төрөлд чанартай мөсөөр хангах зорилт тулгарсан юм. Тэдэнд тусламж болгон шинэ технологитой хосгүй хөлдөөх төхөөрөмж ордонд бий болсон гэж Александр Угаров тайлбарлаад:

«Манайд нэг өдөрт 2 спортын төрлөөр уралдаан болох бөгөөд төрөл тус бүрт өөрийн гэсэн дулааны хэм шаардлагатай. Уран гулгалтын хамгийн бага хэм бол -3,5 градус. Тэшүүрийн тэмцээнд хамгийн их хэм -6,5 юм.

Иймээс хөлдөөх систем хангалттай бага хугацааны дотор цаг хагасаас хоёр цагийн хооронд дулааны хэмийг мөсний чанарт нөлөөлөхгүйгээр өөрчлөхөөр хийгдсэн байна. Аль ч спортын тамирчдад хатгаж, нухахгүй мөс хэрэгтэй, учир нь уран гулгагчид харайж, харин тэшүүрчид ташуу эргэлтээр том тойрог замыг гаргадаг юм».

Эхнээсээ «Мөсөн уул» бичил спортын байгууламж болж, Олимпийн наадмын дараа Оросын өөр бүсэд шилжихээр төлөвлөгдөж байсан юм. Харин одоо түүнийг Сочид үлдээж зуны спортын төрөлд ашиглуулах санаа төржээ гэж Александр Угаров тэмдэглээд

«Манай дугуйн спортын шигшээ багийн бэлтгэлийн төв болгох санаа бий. Энэ ордон дугуйн спортын байгууламж бий болж, цаашид Олимпийн наадмын цэцэрлэгт хүрээлэнд барих Формула-1-ийн зам луу гарч, дараа нь ууланд дасгал сургуулилтад явах боломжтой юм. Жилийн турш унадаг дугуйн спортоор хичээллэх боломжийг эндэхийн цаг агаар олгох болно» гэлээ .

Одоо «Мөсөн уул» стадион 12 мянган үзэгчдийн багтаамжтай юм. Дугуйн спортод зориулан өөрчлөхийн тулд суудлын тоог 8,9 мянга болгон багасгах зорилгоор үзэгчдийн тавцангийн зарим хэсгийг хураах хэрэгтэй болно. Хосгүй акустик систем энэ тохиолдолд ордноос өөр газарт шилжих юм. Гэвч энэ стадион хэнд ч очсон дэлхийн спортын түүхэнд зайлшгүй бичигдэх болно.