Оросын паралимпийн цанын ба биатлоны шигшээ багийн гишүүд Сочид сургуулилав. Одоо тамирчид зүлгэн дээр сургуулилж байна. 11-р сард дэлхийн цом булаалдах тэмцээний өмнө цасан дээр сургуулилах юм. 

2014 оны Сочийн Паралимпийн наадам гараа автал ахар богино хугацаа үлдээд байна. Иймээс агшин бүрийг оновчтой ашиглах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчид Сочийн баазад үргэлж сургуулилж байна.

Олимпийн спортын бүх барилга байгууламж тэмцээнд оролцогчид ба үзэгчдэд тохилог тухтай байна. Тухайлбал «Шайба»  талбарт тахир дутуугийн тэрэгтэй үзэгчдэд тусгай талбарыг тохижуулжээ. Паралимпийн хоккейчид бэлтгэл тамирчдын сандлаас тэмцээнийг саадгүй ажиглаж мэднэ.

Паралимпийнхан хувцас тайлах газраас тусгай хиймэл мөст замаар талбарт амархан хүрч мэднэ. Оросын паралимпийн шигшээ багийн гишүүд эдгээр тохилог барилга байгууламжийг зүй ёсоор үнэлэв. Паралимпийн зургаан удаагийн аврага цаначин Сергей Шилов «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ

«Бүх барилга байгууламж нилээд тохилог байна. Хоккей үзэхэд ямар ч түвэг бэрхшээл учирсангүй. Цанын уралдаан, биатлоны зам зохистой байна. Бидний бүх зөвлөмжийг харгалзан зам тавьжээ» гэв.

Энэ өдрүүдэд тамирчид төдийгүй холбогдох алба, байгууллагууд Паралимпид бэлдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтцийг байгуулж дуусч байна. Энэ нь тусгай төхөөрөмж, тэмдэг, туслах хэрэгслийн бүхэл бүтэн систем билээ.

Тухайлбал энэ зун хотын элсэн жалгад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэглэх тусгай сандал бий болсон юм. Сочийн оршин суугч Владимир гайхамшит сандлыг хэрэглэж үзсэн байна. Тэр бараг хагас цаг усанд сэлжээ. Владимир урьдын саад бэрхшээлийг санан хэлэхдээ

«Урьд намайг тэвэрч, үүрч хүргэж байсан. Эсвэл өөрөө мөлхөж байлаа. Одоо бие дааж сэлж болно. Эрүүл  хүн шиг усанд сэлж байгаа» гэв.

Сочийн бараг бүх барилга байгууламж орох, гарахад туслах тусгай төхөөрөмжтэй байна. Явган зам тавихдаа сохор хүн бүдрэхгүйг бодсон байна. Замыг онц хавтангаар засчээ.Бүх шат, хаалга хараа муутай хүний мэдрэх хурц өнгөтэй тэмдэгтэй юм.

Хот 2014 оны Паралимпийн тамирчдыг хүлээж авахад бэлэн байна. Тамирчид ч, үзэгчид ч тохилог тухтай нөхцөлд байх болно гэж зохион байгуулагчид амлав.