Гурван Ерөнхий сайд-Оросын Дмитрий Медведев, Энэтхэгийн Манмохан Сингх, Монголын Норовын Алтанхуяг нар БНХАУ-д нэг зэрэг айлчилж байна. Энэ нь санамсаргүй давхцсан үйл явдал байж болно. Гэвч тэмдэглүүштэй үйл явдал гэж олонхи шинжээч үзэж байна. Үүнд эдийн засаг буюу улс төр давамгайлах асуудлаар шинжээчдийн санал зөрөв.

Энэ нь дипломат үйл ажиллагааны хүрээнд урьд өмнө гараагүй тохиолдол хэмээн Улс төрийн судлал, таамаглалын төвийн удирдагч Андрей Виноградов үзэж байна. Шинжээч «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч мэдэгдэхдээ

«Энэ нь бүх талаас ер бусын гэнэтийн үйл явдал юм. Миний бодоход олон улсын практик үйл ажиллагааны хүрээнд ер бус явдал болсон юм. Орос, Энэтхэг, Монгол гурав хятадын бүс нутгийн бодлогод гол улсууд боллоо. Төрийн тэргүүн нар биш Ерөнхий сайд нар хүрэлцэн очсон. Үйл явдал эдийн засгийн хүрээнээс халих улс төрийн ач холбогдолтой» гэв.

Орос,Энэтхэг, Монгол улсуудын Ерөнхий сайд нарыг урьсан нь Бээжингээс Хятадыг хүрээлэх сүлжээг байгуулах АНУ, Япон  хоёр улсын бодлогын хариуд авсан арга хэмжээ гэж Андрей Виноградов үзэж байна. Үүнтэй холбогдон санал шүүмжлэл өрнөж мэднэ.

«Миний бодоход энэ нь АНУ-аас бүс нутагт явуулж байгаа бодлогод хариулах гэсэн хятадын нэг ёсны оролдлого мөн. Учир агуулга үүнд оршиж байгаа бололтой. Си Зинпин БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд ийм санаачилга дэвшүүлж чадахгүй. Тэр тусмаа энэ зун АНУ-д хийсэн айлчлал нь амжилттай болсон билээ.

Харин Ли Кэцян энэ талаар илүү чөлөөтэй байна. Бээжин Зүүн Ази магадгүй евразийн бүс нутагт харилцааг тэнцвэртэй болгохын тулд ийм алхам хийж байгаа байх. Нэг талаас дэлхийн тэргүүлэх хүчин, бүс нутгийн чухал этгээд АНУ, нөгөө талаас Орос,Энэтхэг, Монгол зэрэг бүс нутгийн томоохон орнуудтай харилцаж байна» гэж Андрей Виноградов хэллээ.

Хятадын хөрш гурван улсын Ерөнхий сайд нар Хятадад нэг зэрэг айлчилж байгаа нь талууд юуны түрүүнд хөрөнгө оруулалтын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхийг сонирхох явдалтай холбоотой. Энэ нь онц сонин үйл явдал биш гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв.

Хятад улс бол дэлхийн томоохон хөрөнгө оруулагч гэдгийг тэрээр дурьдав. Энэ онд тус улсаас хилийн чанадад оруулах хөрөнгө 120 тэрбум доллараас давна гэж Андрей Островский хэлээд

«Хөрөнгө оруулалт дутагдаж байгаа олон улс орон хилийн чанадад их хэмжээний хөрөнгө оруулж байгаа Хятадад очихийг сонирхдог. Тухайлбал Орос,Энэтхэг, Монголын Ерөнхий сайд нар мөн салбарт хамтын ажиллагааг урагш ахиулахыг сонирхож байна.

Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович санхүүгийн тусламж авахаар 12-р сард БНХАУ-д хүрэлцэн очих юм. Саяхан Белорусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Хятадад хүрэлцэн очиж, эдийн засагтаа буурьтай хөрөнгө оруулахаар зөвшөлцэв. Эдийн засгийн ашиг сонирхол давамгайлж байна. Хятадаас хямдхан зээл авахаар л хүрэлцэн очдог. Эдгээр улс Хятадтай эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэх нь улс төрийн үр дүн буюу уршигтай болох нь дамжиггүй. Гэвч эдүгээ дан эдийн засаг зонхилж байна» гэв.

Дмитрий Медведевийн Хятадад хийсэн айлчлалын үр дүнгээр тусгай газар хоорондын ба пүүс компанийн хориод баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал нефть хийн салбарт хамтран ажиллаж, хэдэн тэрбум доллар оруулна.

Оросын НОВАТЭК компани болон Хятадын үндэсний нефть хийн корпораци оросын шингэрүүлсэн байгалийн хийг нийлүүлэх болзолын асуудлаар тохиролцов. Роснефть урьдчилан төлбөр төлөх болзлоор 10 жилийн турш жилд 10 сая тонн нефть нийлүүлэх тухай санамж бичигт хятадтын корпорацтой хамт гарын үсэг зуржээ.

Тяньзинд нефть боловсруулах заводыг ашиглалтад оруулах, түүхий нефтийг түүнд нийлүүлэх цаг хуваарийн зарчмыг Хятадын нефть хийн корпорацтой хамт батлав. Энэ төсөлд 10 тэрбум гаруй доллар оруулах юм.

Эдгээр эдийн засгийн тохиролцооны цаана улс төрийн утга агуулга байгаа. Хятад энергийн аюулгүй байдлаа хангахгүй бол дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болох гол зорилгодоо хүрч чадахгүй. ОХУ бодлогоо илүү олон чиглэлээр хөгжүүлж, АНДБН-ийн орнууд руу идэвхтэй эргүүлэн өргөжүүлж байна.