Буриадын нийслэл Улаан-Үд хотноо «Монголчуудаас моголуудад» гэсэн нэртэй үзүүлбэр асар их амжилттай болж өнгөрлөө. Орон нутгийн «Байгаль» театрын жүжигчдийн үзүүлсэн 25 үзүүлбэр, дуу бүжгийн өнгөлөг хэлээр хэзээ нэгэнтээ Чингис хааны эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан ард түмнүүдийн түүхийг өгүүлсэн юм.

Нэг хөтөлбөрт буриад ардын хөгжмийн зэмсэг, энэтхэг дуу, монгол бөхийн барилдаан, дундад азийн бүжиг зэргийг үзүүлжээ. Жүжгийн сэдэвт Моголын эзэн хаан Акбар, Энэтхэгийн гүнж Жодхи нарын дурлалын сайхан түүхийг харуулсан хэсэг бий.

«Байгаль» театрын захирал бүх дэлхийд угсаатны бүжиг дэглэгч хэмээн алдаршсан Дандар Балдуев ийнхүү ярьж байна: 

«Бид нэгэн цагт Чингис хааны эзэнт гүрний хүрээнд амьдарч байсан хүмүүсийн тухай өгүүлэхийг хүссэн юм. Тэдэнтэй юу тохиолдсон, одоо тэдний соёл ямар болсон гэх мэт. 700-800 жилийн өмнө бид Дундад Ази, Байгалийн эрэг орчим, Баруун Монгол, Хойд Энэтхэгт амьдарч байсан хүмүүстэй болон хазар монголуудтай нэгдмэл байсан юм.

Бидний жүжгийн үзүүлбэртээ ашигласан морины сүүлээр хийсэн туг хэзээ нэгэнтээ Чингис хааны эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж байсан олон улсуудад хадгалагдан үлджээ. Энэ бол манай ард түмнүүдийн гэгээн бэлэг тэмдэг юм» гэжээ.

Энэ үзүүлбэрийн агуулга нилээн хэдэн жилийн турш бүрэлдэж ирсэн бөгөөд үүний уг санаачлагыг зохиогч Дандар Балдуев янз бүрийн ард түмнүүдийн дуу бүжгийг судлан, дорнын олон орнуудаар явжээ. Жүжигт гарч буй хүмүүсийн үе удмынхан түүнд тусалсан байна.

Үзүүлбэрт оролцохоор монголын дуучин Ганцэцэг, узбекийн бүжигчин Регина Давлетова, Энэтхэгийн дуучин Правин Мишра, хазар-монголын төлөөлөгч Пакистанд төрж, өдгөө Австралид амьдран суугч Хуссейн Дала нар хүрэлцэн иржээ.

Түүний холын өвөг дээдэс тэртээ XIII зуунд Чингис хааны армид орж байжээ. Ирээдүйн Хазаражат (одоогийн Афганистан)-ын газар нутгийг энэ аян дайнд эцгийнхээ дэргэд байсан Чингис хааны хүү Тулуй монголчуудын төлөө байлдан дагуулжээ. Тулуйн нэрийг хазаруудын омгийн нэг өдий хүртэл зууж явдаг байна.

Эзэнт гүрэн задран унасны дараа хазар-монголчууд орчин үеийн Афганистан, Пакистаны газар нутагт суурьшсан юм. Харин хазаруудын 200 мянгаад төлөөлөгчид дэлхийн бусад улсуудааар тархан суурьшиж, өөр хоорондоо Интернетийн тусламжтайгаар харилцдаг байна.

Хазарын дуучин Хуссейн Дала, түүний ард түмний бүжгийг жүжигчид бүжихийг Интернетээр «Байгаль» театрын танилцуулгад харж, улмаар театрын удирдлагатай харилцан бичилцсэнээр бүжгийн үзүүлбэр үндэсний дуулалтаар баяжжээ.

Буриадын «Байгаль»  театрын бас нэг зочин бол 13 дахь үеийн дуучин Энэтхэгийн Правин Мишра юм. Түүний элэнц хуланц Агуу Моголын үед эзэн ханы ордонд дуулж байсан ч байж болох юм.

Тэрбээр өөрөө Их Моголын эзэнт гүрнийг үндэслэгч Тамерлан Бабурын удмынхны удирдлага дор орчин үеийн Дундад Азийн газар нутгаас Энэтхэг луу ирэгсдийн ур удам гэж батлан илэрхийлж байгаа юм. Жүжигчид буриадын хөгжмийн зэмсгийг Правин Мишрагийн дуулсан угсаатны домогт дуутай хослуулсан нь соёлын тод дуудлага болжээ.

«Байгаль» дуу бүжгийн театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ярихдаа: «Бидний эхний зорилго бол хүмүүс өөрийн түүхийг сонирхож, соёлоо мэдэж аваг гэсэн үндсэн дээр тулгуурласан юм. Соёл бол холбох салаа бөгөөд тиймээрээ ч үлдэх болно. Хүн бүжиглэхийг харж, дуу дуулахыг сонсож байгаа цагт түүнд сайхан мэдрэмж төрдөг юм» гэжээ.