Оросын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин Волгоградад шугамын автобусанд болсон терактын талаар шуурхай хуралдааныг явуулжээ. 10-р сарын 21-ний 14 цаг 05 минутад шугамын автобусанд дэлбэрэлт болсон юм.

Сүүлийн мэдээгээр 6 хүн амь үрэгдэж, 37 хүн гэмтэж бэртэн, тэдний 8 нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Өнөөдрөөс эхлэн Волгоградад 3 хоногийн эмгэнэл зарлажээ. Гудамжны хөдөлгөөнд теракт болсон газар зарим нэгэн хязгаарлалтыг хийсэн байна. Дэлбэрэлт болсон газар шинжээч, задлан шинжээч, мөрдөн байцаагчид ажиллаж байгаа юм.

Мөрдөн байцаах хорооны мэдээллээр амиа золиослогчийн хэн болохыг урьдчилан тогтоосон бөгөөд энэ нь дагестаны суурингийн оршин суугч эмэгтэй Гуниб Наида Асиялова юм.

Эмгэнэлт явдал болсон газарт түүний паспорт, «Махачкала-Москва»-гийн тасалбар олджээ. Амиа золиослогчийн тосгоныхны баталж байгаагаар тэрбээр 10 жилийн өмнө Москва луу ажил хийж мөнгө олохоор яваад өдий болтол сураггүй болсан байна.

Мөрдөн байцаалтын хувилбараар дэлбэлэх төхөөрөмжийг амиа золиослогчийн хамтран амьдрагч, Махачкалад 2 теракт үйлдэж, 40 хүний амь хохироосон Дмитрий Соколов бэлтгэсэн байж магадгүй юм. Нилээд хэдэн жилийн өмнө энэ залуу лалын шашинд орж Абдул Жабар хэмээх нэрийг хүртэж Дагестаны дээрэмчдийн бүлэгт нэгджээ. Одоо тэрбээр холбооны эрэн сурвалжлагад зарлагдаад байна.