Оросын эдийн засаг 2013 оны 3-р улиралд бараг тэг гэсэн өсөлтийг үзүүлжээ. Гэсэн хэдий ч оны төгсгөлд энэ байдал сайжрана гэсэн найдлагатай байна. Энэ нь урьд амалсан жилийн өсөлтийн эрч ДНБ 1,8% болно гэсэн үзүүлэлтэд хүрэхийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Андрей Клепач мэдэгджээ.

Үүнтэй мөн адил Оросын талаарх урьдчилсан таамаглалыг гадаадын шинжээчид, тухайлбал, Бүх дэлхийн банк, Олон улсын валютын фонд гаргасан байна. Мэдээж хэрэг, 1,8% гэдэг оросын эдийн засаг ихээхэн удааширсан эрчтэй байгаагийн шинж. Харьцуулбал: өнгөрсөн жил 3,4% байжээ.

Эдийн засгийг өсгөх хэрэгтэй, гэвч үүний тулд эхлээд оршиж буй асуудлуудыг ойлгож, хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж ОХУ-ын Олон нийтийн танхиын гишүүн, Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин үзээд: "Улс оронд хөнгөхөн мөнгө олдог цаг дууссан. Нэг их хүч зарцуулахгүйгээр хурдан төсөл хэрэгжүүлэн их мөнгө олдог тэр үндсэн зах зээлийн хэсгүүд бүгд эзэнтэй болж дүүрсэн. Тиймээс илүү нарийн шийдвэрт шилжих шаардлагатай. Янз бүрийн субъектуудын хооронд илүү нарийн холбоог тогтоож, илүү нарийн хэвшлийн (хоршооллын) холбоог байгуулах хэрэгтэй" гэжээ.

Тухайлбал, гэрээг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, нийлүүлэлтийн сахилга батыг зохицуулах шаардлагатай. Ихэнхдээ үйлдвэрлэлийн явцад сул ажиллагаа байснаас эдийн засагт «нүх сүв» үүсдэг. Хэрэв олборлолт, түүхий эдийн нийлүүлэлт, үйлдвэрлэл бүгд ном ёсоороо явж, гэвч бүтээгдэхүүний олигтой борлуулалт байхгүй бол байгууллага алдагдалд орох болно. Улсын хувьд ч ийм байдаг. Энэ нь удаан, хунд ажил бөгөөд заримдаа хурдан үр дүн харагддаггүй, гэвч үүнгүйгээр эдийн засгийн хөгжлийн өндөр хурдцад эргэн орох боломжгүй юм гэж шинжээчид үзэж байгаа юм.

Үүнээс гадна улсын хөрөнгийг зарцуулж байгаад олон нийтийн хяналтыг ихэсгэх нь чухал. Улсын төсвийн хөтөлбөр дараа нь үр дүнг нь шалгаж, асуухад боломжтой байлгахын тулд илүү тодорхой, ойлгомжтой боловсруулагдсан байх ёстой гэж эдийн засагч Иосиф Дискин онцлоод: "Төсөвтэй хамт батлагдсан улсын зорилгот хөтөлбөрийг шинжлэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. ОХУ-ын Бүртгэлийн танхим болон шинжээчид тэдний чанар ноцтой шүүмжлэлийг тэсвэрлэхгүй байгаа талаар ярьцгааж байна. Зорилго нь муу тодорхойлогдсон, түүнийг хэрэгжүүлэх арга замтай муу холбогдсон зэрэг юм. Энэ нь зорилгот хөтөлбөр биш, оросын улсын удирдах байгууллагуудын хувьд хэвшмэл арга хэмжээний төлөвлөгөө юм. Энэ бүхнийг яаралтай төгөлдөржүүлэх шаардлагатай. Манай яам, тамгын газруудыг сэгсэрч, тэднийг шийдэх ёстой асуудлуудыг гүнзгий ойлгож мэдрэх сүрхий замд нь буцаан оруулах олон нийтийн ноцтой даралт байх шаардлагатай" гэжээ.

Хэдийгээр эдийн засгийн ийм байярлахааргүй дур зураг байгаа боловч ерөнхийдөө Оросын макроэдийн засгийн үүднээс авч үзвэл муугүй үзүүлэлт юм. Улсын гадаад өрийн хэмжээ 2000 онд ДНБ 51,2%-с 2013 онд 3,8% болтол буурч, Төв банкны нөөцийн хэмжээ 28-500 гаран млрд.доллар хүртэл өсчээ.