10-р сарын 18-нд Японд «Фукушима-1» АЦС-ын дэвсгэр нутагт хөрсөн доорх усны сорьцод цацраг эрс нэмэгдснийг хоёр удаа бүртгэв. Жишээ нь тритий хэмээх цацраг идэвхит бодис хэвийн хэмжээнээс 6500 дахин илүү их байв. Энэ нь АЦС-ын дэргэд гарсан хамгийн ноцтой тохиолдол билээ. Цацрагт усан гадагшаа нэвтэрч урсах нь «Фукушима-1» АЦС-д тулгарсан хурц асуудал хэвээр байна гэж шинжээчид мэдээлэв.

Тус станцад устай том төмөр торхны дэргэд цацраг эрс ихэссэн байна. Ер нь цацраг бүхий олон зуун тонн ус станцын дэвсгэр нутагт нөөцлөгдэв. Реакторын цацрагт эд анги хайлсан бүс задгай хэвээр байна. Түүнийг урсгал усаар хүйтрүүлж байна гэж атомын энергийн талаархи шинжээч Игорь Острецов хэлээд

«Урсгал усыг олон том чингэлэгт хийж байна. Эдгээр чинглэгийг үргэлж авчирж байна. Мэдээжээр ямар нэг хэмжээний ус цалгиж асгарна. Саяхан ажилчдын алдаанаас болж их хэмжээний ус асгарав. Цаашдаа Япон байдлыг дангаар хэвийн болгож чадахгүй. Үүнд олон улсын тусламж шаардагдаж байна» гэлээ.

Станцын «Токио электрик пауэр» операторч компани АЦС-ад явагдаж байгаа бүх үйл явцыг хяналтдаа бүрэн авч чадаагүй байна гэж «Экохамгаалалт» олон улсын экологийн бүлгийн хоёр даргын нэг Владимир Сливяк үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Үнэн чанартаа компани хариуцах дэглэмээр ажиллаж байна. Ямар нэг хэрэг явдал болсны дараа юу хийхээ боддог. Тэнд өнөөгийнхөөс илүү аюултай асуудал гарч болзошгүй. Энэ удаа шинэ урсгал цацрагийг ихэсгэсэн бололтой. Цацрагт усан янз бүрийн хэсэгт нь нөөцлөгдэж байна» гэв.

ТЕРСО компани цацраг хөрсөн доорх усанд нэвтрэхээс сэрэмжлэхийн тулд хөрсийг хорүй болгох үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гэвч ийм их хэмжээний цацрагт усыг яах вэ? Түүнийг цэвэрлэх технологи үгүй гэж Игорь Острецов хэлээд

«Буцалгаж ширгээх нь цорын ганц арга барил юм. Гэвч энэ нь оновчтой биш арга зам билээ. Юу гэвэл их хэмжээний хорт шаар үлдэнэ. Өөрөөр хэлвэл боловсронгуй технологи үгүй» гэлээ.

Энэ сарын сүүлээр Европын цөмийн судлалын байгууллага олон улсын бага хурлаар атомын энергийн ирээдүй болон «Фукушима» АЦС-ын ослын хор уршгийг арилгах асуудлыг хэлэлцэх юм.