Мөстлөгийн өмнөх үеийн ойг үзэж эрт цагт хүрэлцэн шүргэх боломжийг Сочийн өвлийн Олимпийн наадмын зочид спортын уралдаан тэмцээнээс холдохгүйгээр гүйцэлдүүлж чадах юм. Хотоос хоёрхон цагийн зайд балар эрт цагаас хадгалагдан үлдсэн, эртнээс зөвхөн эрдэмтэд төдийгүй байгальд дурлагчдын анхаарлыг татсан гайхалтай ургамлын ертөнц, Кавказын био мандалын дархан цаазат газар байрладаг.

Кавказын био мандалын дархан цаазат газар Европт Баварын ойн дараа томоороо хоёрт ордог бөгөөд 340 мянган га талбайтай нь Люксембург, Андоррагийн газар нутгийг бүхэлд нь авсантай тэнцэх юм. Дархан цаазат газрын нутаг дэвсгэрийг оросын хааны гэр бүл XIX зууны эцсээр түрээслэн авчээ. Тэр үед л түүний хосгүй сайхан болох нь тодорхой байжээ. Дархан цаазат газар ЮНЕСКО-гийн бүх дэлхийн байгалийн сан хөмрөгийн жагсаалтад 1999 онд орсноор дэлхийн албан ёсны нэр хүндийг хүртжээ.

Юуны өмнө тэр нь өөрийн байгалийн олон янзаараа үнэ цэнэтэй гэж «Гринпис»-ийн шинжээч Михаил Кнейдлин тайлбарлаад: «Энэ бол уул, алльпийн нуга, ой гэх мэт бараг л байгалийн бүх бүсийг хамарсан Кавказын баруун нутаг дахь цорын ганц том дархан цаазат газар юм. Энд хаана ч тааралддаггүй маш сонирхолтой байгалийн сонирхолтой тогтолцоотой билээ. Энэ бол ургамал амьтны төрөл зүйлийн ижилгүй цогцолбор бөгөөд үүнд л дархан цаазат газрын үндсэн үнэ цэнэ оршдог юм» гэжээ.

Дархан цаазат газрын гол бахархал нь эрт цагийн улаан модон төгөл юм. Эндэхийн моддын дундаж нас 400 жил, нилээд эртнийх нь 2000 гаруй настай юм. Харин тэдний тоо 3000 гаруй байна. Зөвхөн модоор зогсохгүй дархан цаазат газрын 5 ургамал тутмын нэг эрт цагаас хадгалагдан улдсэн, гурван ургамал тутмын 1 Улаан номд бичигджээ. Ер нь энэ төгөлийг ихэнхдээ «колхидын ой» гэж нэрлэдэг. Энэ газар нутагт аль манай эриний өмнөх IV зуунд оршин тогтнож байсан Геродотын түүхийн бичигт дурсагдсан эртний улсыг ийнхүү Колхида хэмээн нэрлэдэг байжээ. Энэ бол их эртний үзмэрүүдийг үзэж сонирхох цорын ганц газар юм. Энэ нь төгөлийн онцгой уур амьсгалтай холбоотой байж магадгүй гэж Кавказын дархан цаазат газрын дэд захирал Алексей Митрофанов яриад: «Төгөл хойд талаасаа ендер уул, ойн бүсээр, харин өмнө талаасаа Хар тэнгисээр хамгаалагдсан бөгөөд бүтэн жилийн турш чийглэгийн хэмжээ 85%-иас илүүтэй байдаг. Цас болон хавар намрын өглөөний жавар хяруу уналт байхгүй зэрэг таатай нөхцөл энэ төгөлийг ийнхүү хадгалах боломжийг бий болгосон юм» гэж үгээ өндөрлөлөө.

Амьтны ертөнц багагүй сонирхолтой, энд сая жилийн өмнөөс амьдарч ирсэн амьтдаас гадна, устаж үгүй болохын ирмэг дээр байгаа хөхтөн амьтад кавказын эрхэмсэг буга, зээр, уулын зубр тааралддаг байна. Зарим нэгэн амьтныг зөвхөн энд л харж болох юм. Кавказын дархан цаазат газрын өмнө хилд өөрийн хүрхрээ, өргөн огцом голуудаараа алдартай Сочийн үндэсний хүрээлэн оршдог. Сочи хотын захиргааны аялал жуулчлалын хэлтсийн дарга Виталий Брензан ярихдаа:
«Тэдний нэг нь Сванидзе горхи юм. 100 метр газарт 18 хүрхрээ бий. Тиймхэн бага газар нутагт шуу! Гэхдээ уг горхины үргэлжлэх хэмжээ 2 км» гэж тайлбарлажээ.

Бас заавал үзэх ёстой газрын нэг бол Ахун уулын орой дээр орших цамхаг юм. Тэр нь 20-р зууны эхэнд баригдаж, өөрийн архитектураараа дундад зууны үеийн цайзыг санагдуулмаар. Түүний өндөрлөгөөс Сочийн гайхамшигтай дур зургийг харж болно. Харин зарим нэг хурц хараатай жуулчид цэлмэг өдөр цамхгаас Туркийн уулуудыг харж болно гэж баталцгаадаг юм.