Оросын эрдэмтэд Монголын баруун болон хойд нутагт хийсэн малтлагын үеийн олдворуудыг судалж байна. Монголын үндэсний их сургуулийн профессор Дамдинжавын Эрдэнэбаатар, оросын археологич Алексей Ковалев нарын удирдсан шинжилгээний баг хүмүүсийг бүдүүвчлэн үзүүлсэн буга чулуу хэмээн нэрлэгддэг баримлууд болон булшуудыг шинжлэн судалжээ.

Петербургийн эрдэмтэн Алексей Ковалев Монголын нутаг дэвсгэрт малтлагын ажлыг 12 жилийн турш хийж байгаа юм. Энэ хугацаанд түүний баг монголын олон бүс нутгуудыг шинжлэн судалж, тухайн бүс нутгийн түүхийг илүү ойлгоход туслах багагүй сонирхолтой, ашигтай «малтлагыг» явуулжээ. Эрдэмтэд урьд мэдэгдэхгүй байсан хүрэл зууны үеийн 4 соёлыг илрүүлж, Тангадын Си Ся улсын батлан хамгаалалтын бэхэлгээг олж илрүүлэхийн зэрэгцээ хятадын цэргүүдийг оршуулсан хятадын хэрмийг малтаж, хуннугийн баян оршуулга, Европоос Азийн энэ хэсэг лүү хүрч ирсэн байж болзошгүй тохарын ард түмний үл мөрийг тус бүр илрүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд эртний судлаачид Оросын Алтай, Тува, Хакаси, Байгаль орчмын болон Монголын баруун, төв нутгуудаар өргөн тархсан булш, буга чулууны хооронд ямар холбоотой болох талаар шамдан судалж байгаа юм. Харахад хүний хэлбэрийг дүрсэлснийг тааварлаж болох баримлыг буга чулуу хэмээн нэрлэдэг байна. Түүн дээр шавж наасан буюу бүдүүвчлэн зурсан нуурний төрх, хувцас, зэвсэг, гоёл чимэглэл зэргийг олж харж болно. Үүнээс гадна бугын зураг олонтаа тохиолддогоос ийнхүү нэрлэжээ. Нүүдэлчин дайчидтай холбоотой буга чулууд эрдэмтдийн өмнө нилээд асуудлыг тавьдаг байна. Багийн ахлагч эртний судлаач Алексей Ковалев ийнхүү ярьж байна: "Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хар Говь хэмээх газар нэгэн алдартай булшийг ухаж байгаад булш болон хүн-чулуунуудын хооронд холбоо байгааг бид олж харсан юм. Булшны овоолсон сул шорооноос жижиг чулуунуудын туяа цацарч байсан нь - 4, магадгүй 13 ч байж болзошгүй. Тэд булшийг буга чулуу байрлах хашлагатай холбож байгаа нь дугуйны хигээс мэт харагддаг байна. Магадгүй хэдийгээр одоогоор хэлэхэд бэрх боловч энэ нь наранд шарагдсан бэлэгдлууд байж болох юм. Булшууд дотор хүний цогцсыг олсонгүй, магадгүй оршуулгыг олон зуун жилийн өмнө цөлмөсөн бололтой".

Монголын төв хэсгийн бусад бүс нутгуудаар тэс өөр нүүдэлчдийн соёлын талаар хөндөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр шал өөр чулуутай холбоотой уламжлалууд байдаг юм. Эрдэмтэд Мөрөн хот, алдарт Үүшгийн Өвөр гэдэг булшны иж бүрдлээс холгүй орших томоохон зурвас газарт малтлага хийхэд чулуун дээр гоёл чимэглэл болон зэвсгийн эд зүйлс маш тодорхой дүрслэгдсэн байдаг байна. Хүн чулуунууд, өөр хоорондоо огт адилгүй хүмүүсийг дүрсэлсэн мэт хоорондоо нилээд ялгаатай байдаг юм. Хүн чулуунууд талын нэгээр таран хаягдсан байдаг. Иймээс эрдэмтэд одоогоор тэдний булштай ямар холбоотой болохыг тогтоож чадаагүй байна гэж Алексей Ковалев өгүүлээд: "Хүн чулуунууд болон булшнууд хоорондоо ямар холбоотой болох нь одоогоор тодорхойгүй байна. Булшинд ганц хүнийг оршуулсан байж магад, харин дэргэд нь хүн чулуунууд нилээд хэд байдаг юм. Энэ булшинд өөр дайчдын шарил байсан эсэх нь тодорхойгүй, магадгүй тэдний цогцсыг шувуунд идүүлэхээр үлдээж, тэдний хүндэтгэлд эдгээр хүн чулуунуудыг тавьсан ч юм бил уу. Эсвэл тэд өөр нэг газар амь үрэгдэж, тэдний дурсалыг мөнхжүүлэхээр энд чулуу тавьсан ч юм бил уу?"

Одоогоор эрдэмтдэд нууц хэвээрээ байгаа бас нэгэн олдвор байгаа юм. Энэ нь булш болон хүн чулуунуудтай тодорхой хэмжээгээр холбоотой газар дорхи хонгил юм гэж Алексей Ковалев яриад: "Энэ бол 2 метрийн гүнзгий, диаметрээрээ 1 м газар дорхи агуй мэт хонгил бөгөөд ухсаны дараа яагаад ч юм чулуу болон асар том хадаар дүүргэсэн байдаг. Тийшээ амьтны яс шидсэн байх нь тохиолддог. Бид тийм 6 хонгилыг олсон юм. Хэрэв энэ хэсэг газар луу дээрээс нь харвал хүн чулуунууд, булш, эдгээр хонгилууд бүгд нэгэн том иж бүрдэл болохыг харж болно. Магадгүй ёслолын ч байж болзошгүй. Энэ дур зурагт радио идэвхт нуурс усны шинжилгээ морины үлдэс болон чулууны насыг ойролцоогоор тогтооход тус болох юм".

Одоо ШУ-д монголын буга чулуу болон түүний дэргэд орших булшууд ямар цаг үед холбоотой талаар маргаантай байдаг. Нэг хэсэг эрдэмтэд манай эриний өмнөх 10-р зуунд, нөгөө хэсэг нь 13, 14-р зуунд хамааралтай гэж үзэцгээдэг байна. Булшны насыг тодорхойлж, буга чулуутай ямар холбоотой болохыг тогтоосноор хүн чулуу болон юуны тулд газар дорхи байгууламж ухагдаж, чулуугаар дүүргэгдсэнийг тайлахад дөхөмтэй болох байх.