Сирийн химийн зэвсгийг устгах орос-америкийн санаачлага амжилт олсны дараа Ойрхи Дорнодын бүх газар нутагт үй олноор хөнөөх зэвсгээс чөлөөт бүс бий болгох олон улсын бага хурлыг явуулахыг Москва илүү зүтгэлтэйгээр шаардаж байгаа юм.

Үүний зэрэгцээ шинжээчид энэ асуудлаарх аль 2010 онд баталсан НҮБ-ын тогтоол АНУ, Израилийн байр сууриас болоод биелэгдээгүй болохыг тэмдэглэжээ.

Анхлан Ойрхи Дорнодод цөмийн зэвсэггүй бүс бий болгохыг 1974 онд Иран, Египет улсууд дэвшүүлсэн билээ. Харин 1990 онд Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак үй олноор хөнөөх зэвсгийн бүх төрлөөс чөлөөт бүсийг байгуулахыг санал болгосон юм.

Үүнтэй холбогдуулан хэдийгээр Израилийн засгийн газар батлахгүй байгаа боловч 100-200 цэнэгтэй Израилийн цөмийн зэвсэг одоо хир нь бүс нутгийн гол асуудал болсоор байгааг Евро-атлантын аюулгүй байдлын төвийн захирал, Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн профессор Александр Никитин тэмдэглээд:

«Дэлхийн бүх улсууд ойрхи дорнодын зөрчилдөөний төвд 100 гаран цөмийн цэнэг байгаа гэж таамаглаж байгаа юм. Түүнийг тээвэрлэх арга зам ч байгаа, мөн Израилийн энэ цөмийн зэвсгээ тогтоон барих зорилгоор ашиглах айхтар бодол ч бас бий» гэж өгүүлжээ.

Израиль улс химийн зэвсгийн талаар Гэрээнд гарын үсэг зурсан боловч батлаагүй юм. Ойрхи Дорнодыг үй олноор хөнөөх зэвсгээс ангид бүс болгох талаар олон талт улс төрийн яриа хэлэлцээрт аль 2010 онд НҮБ-ын ивээл дор баталж явуулахаар шийдвэрлэсэн олон улсын бага хурал эхлэл өгч болох л байсан юм.

Гэвч 2012 онд товлосон түүний биелэлт Израиль болон нилээд хэдэн өрнөдийн орнуудын байр сууриас болоод хойшлогджээ. Турк, Саудын Арав, Иран, Сирийн байр суурь ч тодорхой биш юм гэж шинжээч дурьдаад:

«Энэ асуудлаар ямар ч хэлэлцээрт Израиль улс бүрэн эрхт төлөөлөгчөө явуулахаас татгалзсанаар яриа хэлэлцээр эхлэхийг саатуулж байгаа юм. Харин дээр дурьдсан бусад улсууд ямар нэгэн шинэ төрлийн зэвсгийг боловсруулах, турших, хадгалах, бүтээх боломжтой замыг өөр лүүгээ хаах уу үгүй юу гэсэн улс төрийн шийдвэр гаргах зааг дээр дэнсэлж байна» гэж өгүүлжээ.

Тэгсэн ч байдал тийм ч найдваргүй биш гэж Никитин үзэж байна. 60-аад оны сүүлээр 35 орон, тэр ч бүү хэл Швед, Швейцарь зэрэг саармаг улсууд ч цөмийн дайны хөтөлбөртэй байсан юм. Гэвч цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй Гэрээг байгуулсны дараа татгалзсан байна. Ойрхи Дорнодын орнууд ч улмаар тийм замаар явна гэдэгт найдаж болох юм.