Вьетнамтай маргалдаж байгаа нутаг дэвсгэрийн асуудлаархи Хятадын байр суурьд ямар нэгэн ахиц дэвшил гарсан шиг байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

Тэрээр Өмнөд Хятадын тэнгисийг хамтран судлах ажлын хэсгийг байгуулах тухай Бээжин,Ханой хоёрын шийдвэрийг ийнхүү тайлбарлажээ. Хятад улс нефть, шатдаг хийгээр баялаг усан бүсээс болж санал зөрсөн Япон, Филиппин,Малайзи, Бруней улсуудтай ийм механизмыг байгуулаагүй юм.

Ажлын хэсгийг байгуулах тухай шийдвэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцяний Вьетнамд хийсэн айлчлалын гол үр дүнгийн нэг боллоо. Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Зунгтой хийсэн хэлэлцээний дүнгээр мөн шийдвэрийг зарлан мэдээлэв.

Сүүлийн хоёр жилд Өмнөд Хятадын тэнгисийн талаар Бээжин, Ханойн хооронд нутаг дэвсгэрийн маргаан ширүүсчээ. Талууд цэргийн мөргөлдөөнд хүрэхэд тулсан байна. Вьетнам Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны түншүүддээ тулгуурлан асуудлыг шийдвэрлэхийг оролдсон юм.

Бээжин олон талт хандлагыг үл тоомсорлон хоёр талын хэлэлцээ хийж байсан. Байдлаас харахад Ханой Бээжинг угтан дэмжих алхам хийсэн байх. Харин Бээжин урьдын хатуу байр сууриа бага зэрэг зөөлрүүлсэн гэж Александр Ларин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Байдал өөрсдед нь ашиггүй байгааг хятадын тал ойлгосон шиг байна. Хятад цэргийн сүр хүчээ хэрхэн ашиглах асуудал жижиг орнуудыг түгшүүлж байгаа юм. Хятадын бодлогод дургүйцэх тохиолдол гарсан.Хятадын талаас хэрхэвч найр тавихгүй сэдвээс татгалзаж, илүү уян хатан бодлого явуулах дүгнэлт хийжээ.

Тус улсын удирдагчид нутаг дэвсгэрийн асуудлыг амжилттай шийдвэрлэх хэрэгслийн хувьд нийтийн ашиг хонжооны томъёоллыг дэвшүүлэв. Ийм үндсэн дээр Вьетнамтай хэлэлцээ хийжээ. Энэ нь үр бүтээлтэй зөв зохистой хандлага мөн. Найр тавих явдал түүний үндэс болсон. Ийм хандлагыг сайшаан дэмэжих л хэрэгтэй» гэв.

Тэнгисийн аюулгүй байдлын хүрээнд Ханой Токиогийн хамтын ажиллагаа бэхжиж байгаа нөхцөлд Ли Кэцян Вьетнамын дээд удирдлагатай хэлэлцээ хийлээ. Өмнөд Хятадын тэнгист статус-квог дангаар хүч хэрэглэх замаар өөрчлөхийг Хятад оролдсон явдал Ханойг түгшүүлснээр Токио чадамгай завшив.

Саяхан Японы Ерөнхий сайд Синзо Абэ, Вьетнамын Ерөнхийлөгч Чыонг Тан Шаег нар Индонезид АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд тэнгисийн аюулгүй байдлыг хангах нийтийн стратегийг боловсруулахаар тохиролцсон билээ.

Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар санал зөрсөн бүс нутгийн өөр орнуудтай түншлэлийг бэхжүүлэхийг Япон оролдож байна. Япон улсаас цэргийн эргүүлийн 10 хөлөг Филиппинд нийлүүлэх тухай гэрээ үүний жишээ боллоо. Энэ нь Тэнгист Хятадыг сөрөн зогсох Манилын боломжийг нэлээд өргөжүүлэх ёстой.

Бээжин Токиогоос илүү идэвхтэхй хэлэлцээг Ханойтай хийж байна. Тэр тусмаа Хятад, Вьетнам хоёр улс стратегийн түншлэлийн харилцаатай байна.Гэвч Филиппиний талаар төвөг бэрхшээл гарсан. Филиппин АНУ-ын нөлөөнд автжээ. Вашингтон Манилыг үр нөлөөнийхөө хүрээнээс гаргах боломж хятадын талд олгохгүй. Тийм боломж олговол Хятадыг тогтоон барих нэгэн хөшүүрэг үгүй болно.

Ямар байсан ч Бэээжин Токио, Манил хоёрыг сөрөн зогсож Ханойтай тохиролцлоо. Хятад-вьетнамын шинэ тохиролцоо нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж байгаа орнуудаас Хятадын эсрэг эвсэл байгуулах гэсэн оролдлогыг няцааж мэднэ.