Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг Оросын бренд хэмээн зүй ёсоор нэрлэсэн цэргийн уран сайхны томоохон хамтлаг- Оросын Армийн Александровын нэрэмжит Дуу бүжгийн чуулгад зориуллаа.

Чуулгыг 1928 оны 10-р сарын 12-нд үүсгэн байгуулсан гэдэг. Тэр үуед 12 хүнтэй хамтлаг анх удаа тоглосон аж. Одоо чуулга гоцлон дуулагч, эрэгтэйчүүдийн найрал дуучид, найрал хөгжим, бүжгийн хамтлаг гээд нийт бараг 200 хүнтэй байна.

Тэд бүгд хөгжим, бүжгийн боловсролтой. Эдүгээ зохиогчийн ба ардын дуу, оросын ба гадаадын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээл, дэлхийн шилдэг рок, поп хөгжим зэрэг 2000 гаруй бүтээл урын санд нь орсон юм.

Өнгөрсөн зууны 30-д онд олонд түгсэн «Полюшко-поле» («Тал нутаг минь») дуугаар нэвтрүүлгээ эхэлье. (Дуу)

Москвагийн хөгжмийн дээд сургуулийн профессор, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, хошууч генерал Александр Александров Армийн дуу бүжгийн чуулгыг зохион байгуулагч, хөгжмийн анхны удирдагч юм. Тэрээр хамтлагаа бүр 18 жилийн турш удирдсан байна. Александров бол Оросын сүлд дуулал болон «Ариун дайн» нэрд гарсан дууны зохиогч юм. (Дуу)

Чуулгынхан дэлхийн 2-р дайны жилүүдэд байлдан дайтаж байгаа армид очиж, 1500 удаа тогложээ. Янз бүрийн дуу урын санд нь байсан.Гэвч «Славян бусгүй үдэх нь» домогт марш бусдаас илүү олон улдаа сонсогдож байв. Энэ марш эгшилэх үер дайчид фронт руу явж байсан…

Оросын армийн Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулга эх орны ба олон улсын олон шагнал хүртсэн юм. Жүжигчид Орос орон даяар концерт тоглож, Европ, Ази, Африк, Америкийн 70 гаруй оронд аялан тоглов.

Тэдний тоглолт хаа сайгүй гайхамшигтай амжилт гаргажээ. «Калинка» орос ардын дууг нижигнэтэл алга ташиж хүлээж аваагүй улс дэлхийд үгүй бололтой. (Дуу)

«Александров парк» хэмээх залуучуудын эстрадын чуулга хэдэн жилийн өмнө хамтлагийн нэг хэсэг болжээ. Одоо зөвлөлт засгийн үеийн гайхамшигт дуунуудын орчин цагийн эвлүүлгийг сонсож болно. Энэ нь сонсогчдын эгнээг өргөжүүлэх боломж олгов.

Оросын армийн дуу бүжгийн чуулгын 85 жилийн ойдоо бэлтгэсэн яруу сайхан хөтөлбөрт дайны үеийн дуунууд болон ардын аялгуу хөгжмийн эвлүүлэг, шинэ бүтээл, үе үеинхний сонирхсоор байгаа дуунууд багтсан байна.

Оросын Армийн Александровын нэрэмжит гарамгай дуу бүжгийн чуулгад зориулсан нэвтрүүлгийн төгсгөлд «Амарын долгио» нэрд гарсан вальсыг сонсоно уу. (Дуу)