Өнөөдөр 10-р сарын 11-нд Улаанбаатар хотод «Радиогийн өдөр» болж байна. Харин зөвхөн радиогийн ч биш, Монгол улсад чанартай ХМХ гэгдсэн «Оросын дуу хоолой» радиогийн  өдөр болж байна.

«Оросын дуу хоолой» радиогийн нэвтрүүлгийг олон жил сонсож, асуулт хариултынх нь уралдаанд  оролцож, монгол хэлээр нэвтрүүлэг явуулдаг хэлтэстэй захидлаар харилцдаг хүмүүс Монголын нийслэлд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд цугларчээ.

 «Найрамдал» сонсогчдын клубын гишүүд, бидний хуучин анд Цэвэгмид, Магсаржалам, Сүрэнцэцэг нар ирцгээсэн нь мэдээж хэрэг юм.  Зочдын дунд  олон залуучууд байлаа. Энэ арга хэмжээ 10-р сарын 10-нд гараагаа авсан Монгол Улсад уламжлал ёсоор зохион явуулдаг ОХУ-ын өдрүүдийн хөтөлбөрт багтсан юм.

Монголын МNB телевизийн сувгийн ажил нэгтнүүдийн зохиож бэлтгэсэн кино ярилцлага, сурвалжлагыг хэрхэн бэлтгэж, нэвтрүүлгийг яаж бичдэг болон хэлтсийн орос, монголын ажилтнууд хэрхэн хамт  амарч байгааг харуулсан  байна. Дараа нь Азийн орнууд руу нэвтрүүлэг явуулдаг редакцын ажилтнууд сонсогчдын асуултад хариуллаа.

«Оросын дуу хоолой» радиогийн Монголын анд нөхдийн нийгэмлэг, Орос-Монголын найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан асуулт хариултын уралдаанд тэргүүлэгсдийг шагнах ёслол гол үйл явдал болсон юм.

Энэ уралдааныг оросын олон нийтийн байгууллага - Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 55 жилийн ойд зориулсан билээ. Тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Владимир Бабушкин уралдаанд оролцогчдод хандан үг хэллээ. Тэрээр Нийгэмлэгт ажиллах үеэрээ монгол хэл бага зэрэг сурчээ. Эхлээд тэр сонсогчдын төрөлх хэлээр мэндчилгээ дэвшүүлэв.

«Энэ удаагийн асуулт хариултын уралдаанд оролцсон хэн бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье! Манай нийгэмлэг «Оросын дуу хоолой» радиотой хамт Орос, Монгол улсуудын түүхэн үйл явдал, хоёр орны Найрамдлын нийгэмлэгүүдийн дурсгалт ойд зориулсан асуулт хариултын уралдаан монголын сонсогчдын дунд олон жилийн турш зарлаж ирсэн юм. 

Асуулт хариултын уралдаанд оролцсноор бие биенээ илүү сайн мэдэх, Оросын түүх, соёлыг танин мэдэх боломж бий болдог. Асуулт хариултын уралдааны тэргүүлэгсдэд үнэн сэтгэлээсээ мэнд хүргэж, зол жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе» гэж Владимир Бабушкин хэллээ.

Гурван хүн асуулт хариултын уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. Тэд төрөл төрөгсэд, анд нөхдийн хамт Оросын ШУ, соёлын төвд хүрэлцэн иржээ. Чойбалсан хотын цэргийн албан хаагч Ч. Мөнхбаяр, Улаанбаатарын радио инженер Б.Батзориг, Налайхын оршин суугч Ш.Хаан нар үнэтэй шагнал хүртлээ.

Асуулт хариултын уралдаанд тэргүүлэгч Мөнхбаяр орос хэл  мэдэх юм. Тухайн үед тэрээр Москвад хилийн цэргийн командлалын дээд курс дүүргэсэн хийгээд одоо чөлөөт цагаараа Чойбалсанд бараг нэг жил ажиллаж байгаа «Матрёшка» орос хэл сонирхогчдын клубэд хичээллэж байна. Дашрамд дурдахад Мөнхбаяр уралдаанд ирүүлсэн бүтээлээ орос хэлээр бэлтгэсэн байна. Асуулт хариултын уралдаанд тэргүүлэгч хэлэхдээ: (Яриа)

Тэргүүн байр эзлэгсэд мэдээжээр маш их баярлаж хөөрсөн. Асуулт хариултын уралдаанд тэргүүлэгсдэд гардуулсан бэлэг сайхан сэтгэгдэл  төрүүлжээ. «Оросын дуу хоолой» радиогийн монгол хэлээр явуулдаг нэвтрүүлгийг сонсдог бусад  хүмүүс ч сэтгэл ханамжтай байж, зүрх сэтгэл нь хөдөлж баярласан нь тодхон байлаа…