АНДБН-ийн орнууд үг ярианаас бодит ажил үйлсэд шилжиж байна. Өнөөдөр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа 18 улсын удирдагчид хөгжлийн улс төрийн асуудал, түүний дотор бүс нутгийн аюулгүй байдлыг авч үзэж хэлэлцэв.

Байгууллага бий болсноос хойшхи 8 жилд бүх санаачилгыг зөвхөн тунхаглалаар батлаж байв. Брунейд энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дээр ахиц дэвшил гарчээ. Азийн бүх нийтийн аюулгүй байдлын орон зайг төлөвшүүлэх тодорхой механизмыг ажиллуулах тухай зарлан мэдээлжээ.

Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид энерги,санхүү, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах болон бүс нутгийн иж бүрэн хөгжлийн өөр хэдэн асуудлыг хөндөж хэлэлцэв. Эдгээр сэдэв АНДЭЗХАБ-ын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнтэй бараг адилхан байгаа нь ажил үйлсэд ашиг тустай гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров дээд хэмжээний уулзалтын дүнгээр хэлээд

«Дээрх механизм АНДЭЗХАБ ба «их хорийн» хүрээнд гаргаж байгаа бүх хүчин чармайлтыг үргэлжлүүлнэ. Энэ нь тогтонги хөгжил, аюулгүй байдлыг хангах ба онц байдлын уршигтай тэмцэх зорилт билээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичиг олон улсын янз бүрийн байгууллагын хүчин чармайлтыг өв тэгш болгохыг сонирхож байгааг тусган харуулсан» гэв.

Аюулгүй байдал,хамтын ажиллагаа бүс нутгийн гол асуудал болсон. 2010 онд Орос, Хятадын удирдагчдаас хамтран дэвшүүлсэн санал нэлээд удаан бусад түншийн дэмжлэг хүлээлгүй хоёр талын тунхаглал төдий хэвээр байсан. Түншүүдийн нэг хэсэг нь Вашингтоны холбоотон юм. Эдүгээ бүс нутагт Москва, Бээжин хоёрын үр нөлөө өргөжиж байгаа нь АНУ-ыг түгшүүлж байна.

АНДБН-ийн орнуудын харилцаанд эмзэг асуудал гарчээ. Тухайлбал Вьетнам, Хятад, хоёр Солонгос, Японы хоорондын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал, санал зөрөлдөөнийг үүнтэй холбогдуулан дурдаж болно.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Орос улсаас АНДБН-ийн бүх улсад зан үйлийн нэгдсэн дүрмийг боловсруулахыг санал болгов. Энэ удаагийн Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтаас анхны чухал алхам хийсэн гэж Сергей Лавров мэдэгдээд

«АНДБН-ийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх зарчмуудыг боловсруулах саналыг сайшаан дэмжив. Брунейд гаргасан шийдвэр нэн чухал юм. Юу гэвэл Европ,Африк,Латин Америкийн орнуудыг бодоход энд бүс нутгийн бүх улсыг нэгтгэсэн нийтийн байгууллага үгүй.

Бид бүх нийтийн аюулгүй байдлын зарчмын үндсэн дээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг санаачлав. Энэ зарчим европын байгууллагуудад тогтсон юм. Азид түүнийг анх удаа ахиулж эхлэнэ» гэв.

Оросын ГХ-ийн сайдын хэлснээр эдгээр зарчмыг урагш ахиулахын тулд нөр их ажил хийх хэрэгтэй. Ойрын үед хэлэлцээ удаа дараа хийнэ. Анхны хэлэлцээ энэ онд Брунейд, 2 дахь нь ирэх онд Орос улсад тус тус болох юм.