Алтны үнэ өсөн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлүүд унаж байна. Хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч байгаа нь учиртай. АНУ-ын конгресс төрийн өрийн туйлын хэмжээг цагт нь дээшлүүлж чадахгүй гэж бүгд эмээж байна.

Холбогдох шийдвэрийг 10-р сарын 17-оос наана батлахгүй бол дэлхийн томоохон эдийн засаг төрийн өрийг дарах аргагүй болж мэднэ. Эдийн засгийн огцом уналтын тухай шинжээчид өгүүлж, Ерөнхийлөгч Обамагийн цаашдын үйл байдлыг таамаглаж байна.

Америкийн конгрессын гишүүд өрийн туйлын хэмжээний асуудлаар тохиролцоогүй. Бүгд найрамдахчуудын үлэмж хэсэг нь төрийн өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг дэмжихгүй ч АНУ-ыг төрийн өрийг дарах аргагүй болгохоос сэрэмжлэнэ гэж төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнер амлав. Тэрээр энэ зорилгоор ямар арга барилыг хэрэглэхээ мэдээлээгүй.

АНУ төрийн өрийг дарах аргагүй болох нь 2008 оны хямралаас илүү аюултай болж, дэлхийн сүйрлийг үүсгэж мэднэ гэж зарим эдийн засагч үзэж байна. Түүний хор уршгийг арилгахад олон арван жил шаардагдана. Гэсэн ч дэлхийн эдийн засаг сүйдэх хүртэл байдал даамжрахгүй гэж «ФИНАМ» хөрөнгө оруулалтын холдингийн шинжээч Антон Сороко үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Өрийг дарах аргагүй болох асуудал АНУ-ын төрийн өрийн туйлыг дээшлүүлэхээс үүдэн гарч байна. Төрөөс туйлын хэмжээг удаа дараа дээшлүүлсэн юм. Америкийн улс төрчид өөрсдөд нь шаардлагатай өөрчлөлтийг ахиулахын тулд хурц санал шүүмжлэл үүсгэн явуулдаг. Одоо өрийг дарах аргагүй болох тохиолдлыг авч үзэх хэрэггүй. Намууд харилцан найр тавьж, тохиролцож туйлын хэмжээг дээшлүүлэх бололтой» гэв.

Гэвч аюулыг арилгаагүй байна. Эрүүл мэндийн шинэтгэлээс татгалзахыг бүгд найрамдахчууд ерөнхийлөгчээс шаардаж, тэгэхгүй бол өрийг дарах аргагүй болгоно гэж сүрдүүлжээ.Түүнээс гадна АНУ-ын удирдагчаас дотоодын бодлогод илүү их анхаарал тавихгүй бол түүнд үл итгэх асуудлыг тавьж болзошгүй гэж Стратегийн хөгжлийн загварыг зохиох төвийн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук тэмдэглэн хэлээд

«Үл итгэх шийдвэр гаргаж болзошгүй гэж би шинжээчийн хувьд Обамаг ерөнхийлөгчээр анх удаа сонгох үеэр үзэж байсан. Улиран сонгогдсон өнөө үед ийм шийдвэр гаргах шинж тэмдэг мэдрэгдсэн юм. Обамад тулгарсан түвэг бэрхшээл өөрий нь мэдэгдсэн төсөлүүдтэй холбоотой. Дотоодын эсэргүүцэгчид нь үүгээр завшвал Обама нэлээд хүнд байдалд орж мэднэ» гэлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид үйл ажиллагаагаа нарийн дэнсэлж цэгнэж байгааг улс төр судлаач онцлов. Дотоодын бодлогыг өөрсддөө ашигтайгаар эргүүлэхийг бүугд найрамдахчууд оролдсон ч дотоодын байдал тогтворгүй болох нь дэлхий даяар АНУ-д саад тотгор учруулж мэдэхийг ойлгож байна.

АНУ «адгийн муу ирмэгт тулсан. Гэвч ийм байдалд орохгүй» гэж тэрбумтан Уоррен Баффет мэдэгдсэн нь зөв байх. Goldman Sachs-ын тэргүүн асан Хэнк Полсон ч  мөн адил саналтай байна. Тэрээр бүгд найрамдахчуудын байр суурийг хөндөхдөө «тэд өөрсдийн эхчүүдийг ч барьцаанд авч мэднэ. Гэвч өвдөхөд хэзээ ч хүргэхгүй» гэж хошигнон өгүүлжээ.