«Оросын дуу хоолой» радио та бүхний анхааралд «Танд зориулсан хөгжмийн хөтөлбөр» нэвтрүүлгээ толилуулъя!

2012 онд Орос болон Польшид «Анна Герман. Цагаан ангелийн нууц» гэсэн польшийн алдарт дуучны амьдрал уран бүтээлийн тухай телевизийн цуврал киног үзүүлсэн билээ. Киног орос, польш, украйны кино уран бүтээгчид бүтээсэн юм. Удалгүй энэ киног бусад орны, тэр дунд монголын үзэгчид үзэцгээсэн.

Киног бүтээгчдийн хувьд дуучны хурц тод, эмгэнэлт хувь тавилан, сэтгэл санааны үнэн бодит байдлыг харуулах чухал байсан юм. Янз бүрийн орнуудад олон саяараа үзэж сонирхсоноос харахад киночдын ажил амжилттай болсон нь тодорхой. Манай өнөөдрийн хөтөлбөр XX зууны эстрадын домогт дуучин Анна Германы гэгээн дурсгалд зориулагдаж байна.

Та бухэн Анна Германы дуулсан «Мартагдашгуй аялгуу» дууг сонслоо.

Орос оронд польшийн дуучин Анна Германаас:Та яаж ингэж оросоор сайн ярьдаг юм бэ? Та ямар ч аялагагүй ярих юм, харин дуулахдаа бүр манай зарим дуучдаас ч илүү «оросоор» дуулах юм гэж олонтаа асууж сонирхдог байжээ. Тэрээр: Би ЗХУ-д төрсөн, миний эх хэл орос хэл гэж хариулдаг байсан юм.

Түүний ээж хоёр дахь удаагаа гэрлэн, польш хүнтэй сууж ЗХУ-аас нөхрийнхөө нутаг луу явснаар Анна Польшид амьдрах болжээ. Вроцлавын Их сургууль дуулж эхэлж буй Анна Германы хувьд амжилттай гараа болсон байна. «Каламбур» нэртэй оюутны театр алдар хүндийн оргилд хүрэх анхны шат байжээ. Улмаар Анна Герман Италийн Сан-Ремо хотын хүндтэй уралдаанд Польши орныг төлөөлөн оролцсон юм.

Анна Герман ЗХУ-д их олон удаа ирж, түүний концертууд асар их амжилттай болж өнгөрдөг байснаар барахгүй өөрийн пянзнуудыг алдартай «Мелодия» фирмтэй хамтран гаргадаг байсан байна. Түүний анхны дискуудийн нэг дээр алдартай неополитаны «Ээж» гэдэг дуу бичигдсэнийг сонсоцгоое!(Дуу)

Анна Герман гэрээгээр Италид ажиллах урилга хүлээн авчээ. Гэвч энд түүнд азгүй явдал тохиолдож авто машины осолд орсон юм. Амь гарна гэсэн найдлага тун бага байлаа. Гэвч түүнд амьдралын төлөө гайхалтай шунал тэмүүлэл байсан учир ялж чадсан юм.

Хөгжмийн зохиолч Александра Пахмутова, яруу найрагч Николай Добранравов нарын зохиосон «Надежда буюу Итгэл найдвар» дуу Анна Германы эдгэрснийхээ дараа дуулсан анхны орос дуу байлаа. (Дуу)

Их тайзан дээр буцан ирснээр Анна Герман дахин их амжилтад хүрсэн юм. Гэвч харамсалтай нь авто ослын уршиг өөрийгөө сануулж сүүлчийн удаа Анна Герман 1980 онд тайзан дээр гарч, түүнээс 2 жилийн дараа биднээс халин одсон юм.

Кино цувралд Анна Германы дүрд тоглосон Польшийн жүжигчин Йоанна Моро нэгэн сурвалжлагад: Одоо дэлхий ертөнц болон Польшид энэ агуу дуучны амьдралыг сонирхож, түүнийг дурсан, таньж, үргэлжлүүлэн хайрлаж, түүний дуулсан дуунуудыг радиогоор сонсох болсон явдалд би их баяртай байна. Анна Германы уран бүтээлийг манай залуу үе сонирхох болсныг ажиглаад үнэхээр бахдах сэтгэл төрж байна» гэж ярьсан байна.

Харин Орост польшийн дуучин Анна Герман олон сая үзэгч, сонсогчдын үнэхээр хайртай дуучин үргэлж байсан, одоо ч хэвээрээ юм. Учир нь тэрээр хайр дурлал, үнэнч сэтгэл, амьдралын баяр баясгалан, бусгүй хүний аз жаргалын тухай дуулдаг байсан билээ.

Ингээд Анна Германы дуулсан гайхалтай, уянгын «Дурлалын цуурай» дуугаар энэ удаагийн хөтөлбөрөө өндөрлөө.(Дуу)