ОХУ Энэтхэг улсыг элсooлж, ШХАБ-ын эгнээг өргөжүүлэхийн төлөө байна гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Энэтхэг улсын ГХ-ийн сайд Салман Хуршидтай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдлээ. Энэтхэг улсыг ШХАБ-ад элсүүлэхэд Москва бэлэн байгаа нь байгууллагын хөгжлийн шинэ уе эхлэж байгааг харуулав. Тэгснээр ШХАБ-ыг Төв Ази дахь «хятадын шүхэр» хэмээн үзэхээ болих юм.

Москва Энэтэгийн тусламжтайгаар ШХАБ-д «Хятад тийш хэлтийх явдлыг» арилгахыг сонирхож байхад Энэтхэг улс байгууллагыг Бээжинтэй харилцах харилцаанд ашиг сонирхолоо хамгаалах талбарын хувьд ашиглах бодолтой байна гэж манай тоймч Сергей Томин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Энэтхэгийн ГХЯ-ны тэргүүн Салман Хуршидын энэ онд Москвад 2 дахь удаагаа хийсэн айлчлалын зорилго Москвад хийх орос-энэтхэгийн уулзалтыг бэлтгэхэд оршсон юм. Гэвч Орос, Энэтхэгийн ГХ-ийн сайд нар уулзалтын дүнгээр хоёр талын бүс асуудлаар чухал мэдэгдэл хийжээ. ШХАБ-ын эгнээ өргөжих гэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Энэтхэг улс ШХАБ-д аль болох түргэн элсэнэ гэдэгт Орос улс найдаж байна. Нью-Делийн мэдүүлгийг авч үзэж байна» гэж Сергей Лавров хэллээ. ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид ШХАБ-д элсэхтэй холбоотой зохион байгуулалт, санхүү, улс төрийн шалгуурыг агуулах нормативын цогц баримт бичгийг бэлтгэхийг даалгасан юм.

Энэ нь Энэтхэгийг оролцуулан элсэх мэдүүлэгүүдээр тодорхой шийдвэр гаргах боломж олгоно: «9-р сарын дундуур Киргизийн нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын ээлжит дээд хэмжээний уулзалт хийснээс хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа Оросын ГХ-ийн сайд Энэтхэг улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлыг хөндөн тайлбарлав. ШХАБ-ын гишүүн Орос, Казахстан, Хятад, Тажикистан, Узбекистан, ажиглагчийн статустай Афганистан, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, яриа хэлцээний түнш Белорус, Турк, Шри-Ланк зэрэг улсын төрийн тэргүүн нар Бишкекийн уулзалтад оролсон» гэж Сергей Томин хэллээ.

Дээд хэмжээний уулзалтын дүнгээр ШХАБ-ын гадаад улс төрийн нэлээд хурц асуудлаархи байр суурийг тусган харуулсан Бишкекийн тунхаглалыг батлав. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Ойрхи Дорнодын ба өөр бүс нутгийн хувьд шилжилтийн үед хуралдаж байгааг дурдав. Эдүгээ Дэлхийн 2-р дайнаас хойш төлөвшин тогтсон олон улсын харилцааны бүх системд аюул тулгарсан юм. Ийн нөхцөлд ШХАБ-ын гишүүд олон улсын эрх зүй, аюулгуй тогтвортой байдлыг хамгаалах асуудлаар нийтийн байр суурь баримтлах нь чухал.

ШХАБ-ын эгнээнд нөлөө бүхий гишүүд олшрох тусам бүс нутгийн аюулгуй байдал, олон улсын харилцааны бүх системийг хэвээр хадгалахад чиглэсэн хүчин чаримайлт нь улам их жинтэй болно: «Аюул сорилтыг бүрэн сөрөн зогсохын тулд ШХАБ олон төвийг уялдуулан нийцүүлсэн байгууллага болох ёстой. Өөрөөр хэлвэл улс төр, эдийн засаг, цэргийн чадавхи нь өөр өөр байгаа улс орнууд ШХАБ-д элссэн ч «ах, дуу» гэж хуваагдах ёсгүй. Гишүүд нь үнэн хэрэг дээр шийдвэр гаргах ба шийдвэрт санал өгөх хоёр хэсэгт хуваагдах ёсгүй. Энэ нь эрчимтэй хөгжиж байгаа Хятад улс ШХАБ-д тэргүүлж, «хүчний гол төв» болохыг эрмэлзэж байгаа нөхцөлд чухал» гэж Сергей Томин хэллээ.

ШХАБ-ын эгнээ аль болох олон нөлөө бүхий гишүүнтэй болвол ШХАБ-аас гаргах дэнсэлж цэгнэсэн шийдвэрүүд бүх гишүүний нь ашиг сонирхолд нийцэх юм. Москва ШХАБ-д «Хятад тийш хэлтийлтийг» арилгахыг сонирхож байна. ШХАБ Энэтхэг улсын хувьд Бээжинтэй харилцах харилцаанд ашиг сонирхолоо хамгаалах талбар болж мэднэ гэж Сергей Томин үзэж байна.