АНУ хоёр дахь өдрөө хагас ажилгүй засгийн газрын нөхцөлд амьдарч байна. Үүсээд байгаа төсвийн хямрал хэд хоног биш хэдэн 7 хоногоор үргэлжлэх аюултай байна. Парламентын танхимын бүгд найрамдах намын төлөөлөгчид болон Барак Обама, сенаторын ардчилагчид харилцан бие биенээ буруушаацгааж байх зуур дургүйцсэн америкчууд гудамжинд гарч эхэлжээ. Үүний тухай тодорхой мэдээллийг АНУ дахь манай сурвалжлагч Роман Мамонов танилцуулахыг сонсое:

«Америкийн нийслэлд болж байгаа явдал эрүүл мэндийн шинэчлэлийн асуудалтай ямар ч холбоогүй улс төрийн тооцоо мэдэгдлийн илрэл болох нь дамжиггүй.

Обама болон түүний шинэчлэлд албаар ийнхүү үйлдэж байгаагаа бүгд найрамдахчуудын баруун жигүүрийнхэн нуугаагүй байна. Ерөнхийлөгч ч өөрийн хэлсэн үгэндээ өчигдөр бүгд найрамдахчууд бүх улс орныг барьцаанд авсныг улайм цайм хэлсэн юм».

Бүгд найрамдахчууд ч мөчөөгөө өгсөнгүй.Тэд ухрахыг хүсэхгүйгээр үл барам ардчилагчдыг сенатад буулт хийлгэхэд хүргэх өөр бусад арга замуудыг эрж хайж байна. Сүүлчийн санаа нь байгууллагуудын зарим нэгийн төсвийг батлах явдал юм.

Энэ арга үндсэн зүйлээр төсвийг баталж, харин зарлагыг «обамагийн хадгаламжид» хөлдөөхөөр шийдсэн нь ойлгомжтой юм. Гэвч энэ бодол бүтсэнгүй, бүгд найрамдахчуудын танхимд санал дутжээ.

Тэр тусмаа Цагаан ордон болон сенатад тийм аргад мэхлэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч гол нь энэ байдал гацаанд орсон явдал юм. Сенат бүгд найрамдахчуудтай зөвшилцлийн комисс байгуулахаас хүртэл татгалзжээ. Энэ баримт доод танхимын бүгд найрамдахчуудын тэргүүн Жон Бейнерийг ихээхэн хилэгнэхэд хүргэсэн байна.

«Бидний санал болгосон төсвийн хувилбарыг батлахаас татгалзсан сенатын шийдвэрт ихэд гайхаж байна. Манай хуулийн төсөл засгийн газрыг бүрэн хэмжээгээр 12 сарын 15 хүртэл санхүүжүүлэхийн зэрэгцээ «обамахадгаламжийн» шударга биш хуулийг цуцлахыг санал болгосон билээ.

Ямар ч хөнгөлөлт, харгалзалт байхгүй. Зүгээр л бүхэнд зориулсан дүрэм юм. Гэвч сенат өнгөрсөн шөнө манай төслийн хувилбар төдийгүй үндсэн хуульд заасны дагуу санал зөрөлдөөнийг яриа хэлэцээрийн замаар шийдэхийг санал болгосныг хүлээн аваагүй юм» гэж Жон Бейнер хэллээ.

Энэ бүх улс төрийн тоглоом ердийн америкчуудыг ихэд цухалдуулж байгаа юм. Зарим нэгэн мэдээгээр тус улсын иргэдийн 90% нь Конгрессийн ажлыг таалахгүй байгаа байна. Гол буруутгал бүгд найрамдахчуудад зориулагджээ. Улсын албан хаагчид юу ярьж байгааг сонирхцгоое:

«Тэд бодит амьдралаас бүр холдож, тэдний шийдвэр мань мэтийн жижиг хүмүүс, ердийн иргэдэд хэрхэн тусаж байгааг ойлгохгүй байгаа юм».

«Яагаад ч юм тэд цалингаа үргэлжлүүлэн авч харин бид үгүй. Тэр тусмаа энэ хямралд бид биш тэд буруутай. Миний бодлоор энэ бол шударга бус явдал юм».

Шинжээчид аль хэдийн хямралын өдөр тутам АНУ-ын эдийн засагт дор хаяж 200 сая доллар болж байгааг тооцоолжээ. Хэрэв бие биенээ давах гэсэн энэ оролдлого 2-3 долоо хоног үргэлжилбэл нийт уршгийн тоо хэмжээ «Катрин» хуй салхины уршигт үр дагавартай тэнцэхүйц 55 миллиардаас давах юм.

Гэвч хамгийн гол нь байдал хэрэв 10-р сарын 17 хүртэл шийдэгдэхгүй бол одоогийн хямрал жинхэнэ Армагеддон болж хувирах болно. Энэ хугацаанд засгийн газрын өөрийн үүргээ биелүүлэх үйлчилгээний мөнгө дуусах юм.