Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөр, 60-70-аад оны ЗХУ-ын хамгийн алдартай дуучдын нэг Валерий Ободзинскийд зориулагдаж байна. Түүний дуулсан «Өөдөөс ширтэх энэ нүд» дууг одоо хир нь дурсан санацгаадаг юм.(Дуу)

Валерий Ободзинский- өөрөө бие даан хөгжимд суралцжээ. «Би ердийн гэр бүлээс гаралтай, надад туслах хэн ч байгаагүй. Би өөрөө зорилгодоо тэмүүлэн явсан» гэж өөрийн уран бүтээлийн замын талаар дурсан ярьсан юм.

Тиймээ, үнэхээр тэр өөрөө өөрийгөө бий болгосон билээ. Өөрийн орны болон гадаадын дуучдыг сонсож, тэднээс хамгийн сайныг нь авдаг байжээ. Тийнхүү тэр өөрийгөө хайж, өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлийг туурвих болсон байна.

Хэдийгээр энэ зам тийм амар хялбар байсангүй ч дуу хөгжимд хязгааргүй хайртай, дуулах агуу их эрмэлзэл, төрөлхийн алиа хошин чанарынхаа ачаар санасандаа хүрчээ. Аркадий Островскийн «Би гэр лүүгээ харьж явна» хөгжилтэй аязыг Валерий Ободзинский хэрхэн аялахыг сонсоцгоое!

Валерий Ободзинский тухайн үеийнхээ дуучидтай адилгүй байсан юм. ЗХУ-д эхний байранд эх орны сэдэв голлож сайшаагдаж байлаа. Харин Валерий уянгын, дурлалын дуучин байсан юм. Тэрбээр энэ тухайгаа ийнхүү дурсан ярьж байна:

«Намайг миний уян зан, сэтгэл хөдөлгөсөн уянгын дууны минь төлөө загнадаг байлаа. Гэвч хайр дурлалын сэдэв мөнхийн, сайхан сэдэв учраас над гагцхуу энэ талаар л дуулмаар санагдсан юм. Би ямар нэг хэв маягт баригдахыг хүсээгүй юм».

Валерий Ободзинский «Жинхэнэ хайр» зохиомжоороо манай хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. (Дуу)

Түүний дуулсан дуу хөгжим радио телевизээр сонсогдохоо больж, тэрбээр өөрийн уран бүтээлээ туурвихаа зогсооход тэрээр 40-хөн настай байжээ. Удалгүй дуучныг мартаж, бараг 10 жил өнгөрсөн байна.

Тэрбээр 50 насныхаа ойгоор эстрадын урлагт дахин гарч ирж, концерт, аялан тоглолтын үйл ажиллагаагаа сэргээсэн боловч хэдхэн жил үргэлжилж 1997 онд дуучин маань ертөнцийн мөнх бусыг үзсэн юм.

Валерий Ободзинский гайхалтай эелдэг зөөлөн, уянгалаг хоолойн өнгөөрөө бүхний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдсэн юм. Түүний дуулсан дуунууд одоо ч түүний авьяасыг шүтэн бишрэгчдийг догдлуулсаар байгаа юм. (Дуу)