Оросын олимпийн бамбар аялуулах аян хамгийн урт үргэлжилсэн, олимпийн хөдөлгөөний түүхэн дэх хамгийн онцгой үйл явдал болох юм. Аяны нийт замын хэмжээ 65 мянган км, бамбар Эльбрусын оргилд ч хүрч, Байгаль нуурын усны гүнд хүрч, Хойд туйлд ч хүрч, задгай сансарт ч бас гарах юм. Энэ түүхийн үйл явдлыг хүлээхэд хэтрүүлэхгүй хэлэхэд тун бага, 1 сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.

10 сарын дунд гэхэд «Ялалтын 50 жил» нэртэй оросын томоохон атомын мөс зүсэгч хөлөг онгоц Мурманск хотын боомтоос Арктикийг чиглэн гарах юм. Энэ нь өвлийн 2014 олимпийн бамбарын аялах маршрутын эхний зогсоолуудын нэг болох юм.

Цаг ойртож байна, намар мөсөн хучлага нэмэгдэж эхлэх нь экспедицэд хүндрэлтэй болно гэж хөлөг онгоцны ахмад Валентин Давыдянц тэмдэглээд

«Ерөнхийдөө аравдугаар сар ийм аялалд тохиромжгүй байдаг юм. Гэвч бид зорьсоноо биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Бүх зүйл ямар ч тасалдалгүй болж өнгөрөхөд экипаж бүхий л мэдлэгээ дайчилна» гэжээ.

Мөс зүсэгч хүрэх газраа 10-р сарын 20 гэхэд хүрэх естой. Туйлын шинжээчдийн дайлалтад дассан цагаан баавгайнууд энэ удаа хөлгийн тавцангаас идэх юм биш бадамлан асах бамбар буулгахад ихэээхэн гайхах байх даа.

Энэ экспедицэд Орос, Канад, АНУ болон бусад орны тэргүүлэх туйлын гүрнүүдийн төлөөлөгчид оролцох юм. Харин түүнийг Ороын газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Артур Чилингаров удирдах юм. Экспедици амжилттай болж өнгөрнө гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

«Орос орон өнөөдөр Хойд туйлын ололт амжилтын үүднээс авч үзвэл хэнд ч байхгүй тийм боломжуудтай билээ. Гол нь бидэнд мөсөн дээр гарч болох газрыг олох явдал юм. Экспедицийн явцад сэтгэл санааны өөдрөг байдал манай Олимпийн тамирчдад тус болно гэж найдаж байна» гэж Артур Чилингаров хэллээ.

Олимпийн бамбарын аялалын бусад үе шатууд ч бас багагүй сэтгэл хөдлөлийг авчрах болно. Европын хамгийн өндөр оргил Эльбруст гарахад ямар байхыг төсөөлөхийн аргагүй. 2-р сарын 1-нд онцгой байдлын албаны аврагчдын хамтаар хоёр уулчин (альпинист) олимпийн бамбарыг тэнд хүргэнэ.

Тэд эхлээд орой дээр нь царыг асааж, дараа нь бамбар зөөгчдийг уулын оргилоос буулгах аюултай үзүүлбэр эхлэх болно гэж Сочи-2014-ийг Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко өгүүлсэн юм.

«Бамбарыг цаначин, сноубордист зэрэг бусад тамирчдын тусламжтайгаар буулгах нь хэн нэгэнд дахин давтахын аргагүй хурц тод үе шат байх юм. 5642 метрийн өндөр –энэ бол төвөгтэй, хариуцлагатай арга хэмжээ бөгөөд бид үүнийг дөнгөнө гэдэгт итгэлтэй байна» гэж Дмитрий Чернышенко тэмдэглэлээ.

Аяны бас нэг чухал үе бол бамбарыг Байгаль нуурын ёроолд шумбуулах явдал, үүний бэлтгэл бараг жил гаран үргэлжилсэн юм. Бамбарыг катераар Байгалийн дунд хэсэгт аваачин 2 шумбагчид дамжуулж, тэд дэлхийн хамгийн гүнзгий нуурын ёроолд бамбарын хамт шумбах болно.

Зохион байгуулагчид бамбар усан дор ч шамдахгүй гэж амалсан юм. Харин задгай сансарт гаргахад бамбар асахгүй нь ойлгомжтой. Тэглээ гээд үүнээс болж энэ үйл явдал бүдгэрч саарах нь юу л бол. Учир нь Олимпийн бамбар анх удаагаа Дэлхийн орбит дээр гарч байгаа билээ.