Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Орос улсын их, дээд сургуулиудад орос оюутнуудын хамт монголын охид, хөвгүүд хичээл сургуульдаа шамдан суралцаж байна. Эрхүү хотын их, дээд сургуулиудад мянга орчим Монголын иргэд суралцаж байна.

Анх 1926 онд монголын оюутан залуус Эрхүү хотод ирж суралцсан. Тэр үед 26 монголын иргэн орос хэл, математикийн бэлтгэл факультетэд суралцаж байсан. Хожим нь тэд нар бага сургуулийн багш, боловсролын ажилтан, эмч болон банк-санхүүгийн ажилтан, киномеханикийн мэргэжил эзэмшин эх орондоо үр бүтээлтэй ажилласан. Монгол улс дахь Эрхүү мужийн төлөөлөгч Евгений Лиштованныйгийн ярьж байгаагаар, монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд эндхийн хоёр их сургууль уурхай болсон юм: «Энэ бол Техникийн их сургууль болон Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль гэж Лиштованный ярьж байна. Өнөөдөр Байгалийн улсын их сургууль бол эдийн засаг, эрх зүйн мэргэжлээр монголын үндэсний боловсон хүчин бэлтгэдэг Эрхүүгийн гол дээд сургууль . 1938 онд энэ сургуулийг монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал төгссөн. Энэ сургуульд монголын төр нийгмийн зүтгэлтэнгүүд: Д. Моломжамц, Б.Дүгэрсүрэн, Д.Содном, Ц.Молом болон бусад олон арван хүн суралцаж төгссөн. Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийн/хуучин нэрээр/9 төгсөгч Монгол улсын сангийн сайдын албыг хашиж байсан! Ийм үзүүлэлтээр гайхуулах дээд сургууль дэлхийд ховор» гэж Евгений Лиштованный ярьлаа.

Зөвлөлтийн үед Эрхүү хот монголын мэргэжилтэн бэлтгэх манлай хот байсан. Харин одоо монголын залуусын дунд чухамхүү Оросын энэ хотод суралцаж, мэргэжил эзэмших хүсэлтэй хүн олон бий. 25 жил зөвлөлт, оросын их, дээд сургуулиудад монголын оюутнуудыг хүлээж авч, ажиллаж байгаа ОХУ-ын Боловсролын яамны ерөнхий мэргэжилтэн Татьяна Соболева ярихдаа, одоо монголын талаас Эрхүүгийн их сургуулиудад элсэх хүсэлт их ирж байна гэж ярьж байна: «Одоогийн байдлаар Эрхүүгийн их сургуулиудад Монголоос нилээд тооны оюутан суралцаж байна. Гэхдээ хамгийн олон оюутан Москвад суралцаж байгаа. Өмнө үеийн оюутнууд суралцаж байсан Техникийн их сургуулиуд, Байгалийн улсын эдийн засаг, эрх зүйн их сургуулиуд нь эрэлт хэрэгцээтэй байна. Төмөр замын дээд сургуульд цөөнгүй оюутан сурч байна. Тэнд улсын шугамаар квотоор суралцаж байгаагийн зэрэгцээ,хувийн зардлаар ч бас суралцаж байна» гэж Татьяна Соболева ярьлаа.

Ирэх жил монголоос суралцагсдын илүү олон болж мэднэ. Эрхүү мужийн удирдлага монголын залууст нэмж дахин арван хүнд “захирагчийн стипенди” –г олгохоор шийдвэрлээд байна.