10-р сарын 10-нд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын ордонд “Оросын өдрүүд Монголд” нээлтийн ажиллагаа болно. 53 дахь удаагаа зохиогдож байгаа уламжлалт Монгол-Оросын найрамдлын сар, Найрамдлын өдрүүд нь уламжлал ёсоор жил бүрийн 10-р сард зохиогддог.

Энэхүү Өдрүүдээр Оросын аль нэг бүс нутгийн эдийн засаг, соёл, урлагийг танилцуулдаг.Өнгөрсөн жил Новосибирскийн жишээн дээр зохиогдсон. Хоёр жилийн өмнө Буриад улс оролцсон. Энэ удаа Эрхүү муж оролцох болно.

Өдрүүдийг явуулах бэлтгэл ажил ид явагдаж байна. Эрхүү мужийн Монгол улс дахь төлөөлөгч Евгений Лиштованный тэмдэглэлт үйл явдлын тухай хэлэхдээ:

«Эрхүү мужийн танилцуулга гурван чиглэлээр явагдана. Нэгдүгээрт, энэ нь мужийн захирагчийн албан ёсны хөтөлбөр байна. Улаанбаатарт бүс нутгийн тэргүүн Сергей Ерошенко хүрэлцэн ирнэ.

Хоёрдугаарт,“Эрхүүгийн үйлдвэр, албан байгууллагуудын үзэсгэлэнг зохион байгуулна. Энд орос-монголын бизнес эрхлэгчид чуулган уулзалт зохион явуулна.

Гуравдугаарт, соёлын хөтөлбөр байна.Бид Улаанбаатарт өөрсдийн шилдэг хамтлагуудыг илгээх гэж байна. Жишээ нь, захирагчийн дэргэдэх симфони найрал хөгжим. Улаанбаатараас гадна Эрхүүгийн төлөөлөгчид Эрдэнэт хот очихоор төлөвлөж байна. Энэ хотод эрхүүгийн их, дээд сургуулийг төгссөн олон арван төгсөгчид УБ ”Эрдэнэт” комбинатад ажиллаж, амьдарч байна» гэлээ.

Эрхүүгийн болон мужийн иргэдэд Монголд үзүүлж харуулах юм их бий, хэлэлцэн ярилцах зүйл ч бас олон байгаа. ОХУ-ын энэ бүс нутаг ба Монгол улсын хоорондын гадаад худалдааны эргэлт хоёр улсын худалдааны эргэлтийн тал хувийг эзлэж байна.Үүнийг Евгений Лиштованный тодотгоход

«Эрхүү мужийн Монгол руу хийх экспортын дийлэнх хувийг түлш-эрчим хүчний цогцолборын бүтээгдэхүүн эзлэдэг. Энэ нь голдуу шатах-тослох материалууд, бензин. Монгол улсын оросын нийт түлшний нийлүүлэлтийн 95 хүртэлх хувийг Эрхүү муж нийлүүлдэг.

Сүүлийн 15 жил монголын зах дээр тус мужийн томоохон хүнсний компаниуд гараад байна. Тэд Монголд ургамлын тос, майонез, өндөг, мөхөөлдөс, шувууны мах болон бусад зүйлүүдийг нийлүүлж байна» гэлээ.

Гэтэл Монгол улс Эрхүү мужийн хоорондын худалдаа-эдийн засгийн харилцааны тэгш бус харилцааг шийдвэрлэх ёстой болоод байна. Монголын тал Эрхүү мужид бага зай эзэлж байгаадаа сэтгэл дундуур байна.

«Энэхүү тулгамдсан асуудлыг нилээд хүчтэй ярилцаж байна. Бид манай муж руу монголын савхи, ноос болон ноолууран бүтээгдэхүүн, хивс нийлүүлэхийг хүсч байна. Одоохондоо гаалийн тарифын хувьд бүх зүйлийг зохицуулж чадаагүй байна.Монголоос мах, махан бүтээгдээхүүнийг нийлүүлэх асуудлыг ирээдүйтэй гэж бодож байна.

Хамгийн гол нь махан бүтээгдэхүүнд квот тогтоох ёстой. Үүнийг оросын холбооны төв тодорохойлно. Хоёрдугаарт, мал эмнэлгийн хяналтын тулгамдсан асуудал орж байна. Оросын талыг Монголд малын шүлхий өвчин олонтоо гардаг явдал түгшээж буй юм» гэж Евгений Лиштованный ярьж байна .

Эдгээр тулгамдсан асуудлуудыг ирэх сард Монгол улсад зохиогдох Орос улсын өдрүүдийн үеэр хэлэлцэн ярилцах юм.

Эрхэм сонсогчид оо! Монгол улсад зохиогдох “Оросын өдрүүдэд” манай “Оросын дуу хоолой” радио оролцох тухай уламжлахад бидэнд таатай байна. Улаанбаатар хотод манай радиокомпаний ажилтанууд хүрэлцэн ирнэ.10-р сарын 11-нд “Оросын дуу хоолой” радиогийн өдрийг зохион явуулна.

Тус радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакцын төлөөлөгчид Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монголын анд нөхдийн нийгэмлэг байгуулагдсан 55 жилийн түүхэн ойд зориулан зохион явуулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулан, халуун дотно уулзалт зохион явуулах юм.

Та бүхэн манай нэвтрүүлгүүдийг анхааралтай ажиглаж байгаарай. “Оросын дуу хоолой” радио ойрын үед хөтөлбөрөө танилцуулна.