Өрнөдийнхөн Сирийн дэглэмийг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Гэвч энэ нь яав ч үнэмшилтэй биш, учир нь химийн зэвсэгийг босогчид хэрэглэсэн байж таарна. Тэгсэн ч энэ бүхэн Башар Асадын дэглэмийг шүүмжилж байгаагийн гадна тал юм. Сирийг шүүмжилж байгаа гол шалтгаан бол тэнд ардчилал байхгүй, дарангуйллын дэглэм тогтнож байгаа хэмээн үзэж байгаа явдал юм. Барууныхан зарим нэг зүйлд бага зэрэг зальжин ханддаг боловч гол буруутгалдаа үнэнээсээ хандаж Сирид орчин үеийн ардчилсан нийгмийг бий болгохыг хүсэж байгаа гэж уу? Энэ талаар тоймч Евгений Ермолаев тайлбарлаж байна:

"10 жилийн өмнө тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Джорж Буш америкийн цэрэг Иракийн нутаг дэвсгэрт дайран орсныг зөвтгөн хэлэхдээ: «Иракт ардчилал ялна. Тэдний амжилт эрх чөлөө ард түмэн бүхний хувь заяа гэдгийг нотолно» гэж байсан. Дараа нь Иракт юу болж, хэрхэн үргэлжилж байгааг бид харж байна. Үүнийг «амжилт» гэж тооцоход бэрх юм.

Хэрэв амжилт гэж, улс орны тал хагас сүйтгэгдэж, эдийн засаг нь уналтад орж, гадны нууц даалгаварт элч нарын нөлөөгөөр шашин шүтлэг нь хагаралд орсныг хэлэхгүй юм бол. Гэвч Вашингтон Иракийн жишээг нилээн амжилттайд тооцож байгаа юм. Америкчууд Европ, Арабын холбоотнуудынхаа хамтаар Иракийн дараа Ливи улсад яг тийм ардчилалыг авчирсан билээ. Одоо Сири улс ээлжээ хүлээж байна".

Үнэндээ энэ улс, иргэний дайн эхлэхээс өмнө бүс нутгийн хамгийн ардчилсан улсуудын нэг байсан. Ямар ч байсан тэнд олон намын систем албан есоор үйлчилж байгаа юм. Үлгэр жишээ биш ч гэсэн сонгууль явагдаж байна. Тохойн (Булангийн) олонх хаант улсуудад сонгууль болон улс төрийн намууд ч байхгүй тиймээс тэдний нийгмийн системд АНУ-ын хувьд өө эрэх зүйл алга бололтой.

Иймээс Өрнөдийнхөн, үлгэр жишээ биш ч гэсэн ардчилал бага ч болов хөгжсөн орнуудын бүс нутгийг хүчээр ардчилж байгаа болж таарч байна. Түүнийг хөгжүүлж төгөлдөржүүлэхийн оронд эвдрэл сүйрэл учруулж, түүнийгээ энд маш муу ардчилал байсныг бид эвдэж дараа нь бүх юм маш сайхан болно гэж тайлбарлаж байна. Үнэн хэрэг дээрээ тийм ч сайн байгаа юм алга. АНУ ажил хэрэг дээрээ ардчилалын үнэн утгыг гутаан гуйвуулж байгаа юм.

Ойрх Дорнодын ардчилал гэгчийн асуудалд, манай нэвтрүүлгийн өөр нэг оролцогч, улс төр судлаач Виктор Надеин-Раевский өөр талаас нь авч үзэн ийнхүү ярьж байна:

"Өрнөдөд олон тооны төвүүд Ойрх Дорнодын орнуудад өрнийн эрх чөлөө, ардчилалын тухай үзэл бодлыг интернетийн тусламжтайгаар ухуулахын тулд их зүйл хийсэн билээ. Тэгэхдээ эдгээр орнуудад өрнийн ардчилалын хэв загвард тэмүүлсэн хүмүүсийн давхарга бий болсоныг харгалзан үзсэн байна. Тийм хүмүүс бий. Сирид дайтаж байгаа бүхэн одоогийн исламын экстримистуудийн дэглэмийн эсрэг биш юм. Бүх юм Европт байгаа шиг байхыг үнэнээсээ хүсдэг хүмүүс ч бас байгаа байх. Гэсэн ч Европ, тэр ардчилал хэмээн нэрлэж байгаа зүйлд зуугаад жил зүтгэж, энэ нь тийм ч амар зам байсангүй, заримдаа цус асгаруулж байсан түүхтэй.

Өрнөдийн ардчилал бол алдаа дутагдал, сорил туршилтын замаар олж авсан нийгмийн санаа бодлын зөрчилдөөнийг тайван замаар шийдвэрлэх арга хэрэгсэл юм. Үнэхээр энх тайвны замаар. Харин Өрнөдийнхөн Ойрх Дорнодын хүмүүсийг хүч хэрэглэхэд түлхэж, ийм хүч хэрэглэх аргын төлөө байгаа бүхнийг аль болох дэмжиж дэвэргэж байгаа юм. Үнэн хэрэгтээ Өрнөдийнхөн бүс нутгийн ард түмнийг ардчилалыг бүтээн босгоход хүчин зүтгэхийг эрмэлзэхгүй байгаа бөгөөд харин ч эвдрэл сүйрэлд оруулахад түлхэж байгаа юм. Харин балгас суурин дээр нь Өрнөдийнхний шууд хараа хяналтан дор байх гар хөлийн үзүүр болсон сулхан улс орон бий болно. Ардчилал байхгүй гэж далимдуулан буруутгаж байгаа нь зөвхөн гар дор байдаг байнгын шалтаг бөгөөд үлгэр жишээ нийгэм гэж байхгүй, урьд өмнө хэзээ ч байгаагүй юм".