Орос улсад ээлжит Олон улсын нисэх хүчин, сансрын үзэсгэлэн нээгдлээ. Энэ жил арваннэг дэхь удаагаа зохиогдож байна. МАКС-2013 үзэсгэлэн оролцогчдын тоогоороо дээд амжилтыг эвдэх бөгөөд нислэгийн хосгүй хөтөлбөрүүдээрээ үзэгч олныг гайхшруулна.

Хорин жилийн турш МАКС нь нисэх хүчний аж үйлдвэр, бизнес болон шинжлэх ухааны хамгийн түгээмэл талбай болж байна. Чухамдаа энд хэдэн тэрбумын өртөгтэй олон улсын стратегийн шинжтэй чухал гэрээ контрактуудыг байгуулдаг.

Энэ жил үзэсгэлэнд мянга гаруй компаниуд оролцоно. Ингэхдээ тэдгээрийн гуравны нэг нь гадаадынх. Оросын үйлдвэрлэгчдээс гадна дэлхийн дөчин гурван орны нисэх хүчин, сансрын техникийг зохион бүтээгчид оролцох юм гэж “Алъянс авиационных технологий ” /”Нисэх хүчний технологийн эвсэл”/ компаний ерөнхий захирал Виктор Прядка тэмдэглээд

«Зочдын өмнө дэлгэн харуулах шинэ бүтээгдэхүүнүүд бол хятадын үзмэр байна. Хятадын нисэгчид өөрсдийн бүтээсэн болон оросын хөдөлгүүртэй J-10 онгоцоор нислэг хийнэ. Анх удаагаа хятадын үзмэрийг агаарт болон газарт ийм өргөн дэлгэр харуулна. Өмнөх үзэсглэнгүүдийн нэгэн адил Bombardier, Cessna, Dassault Avition болон бусад фирмүүдийн захиргаа өргөн бүрэлдэхүүнээр оролцоно» гэлээ.

Үзэсгэлэнгийн үеэр ээлжит нисэхийн цэргийн болон иргэний зориулалтын техникуудын худалдан авах олон тэрбумын гэрээ контрактууд хийгдэх болно.

Ажил хэрэгч шахуу хөтөлбөрийн зэрэгцээ Олон улсын үзэсгэлэнгийн зочид болон оролцогчдыг гайхамшигтай хосгүй шоу хүлээж байна. Үзэгч олон үзэсгэлэнг ирж үзэхдээ оросын нисэгчдийн хосгүй ур чадварыг харуулах нисэх бүлгүүдийн гайхамшигтай тоглоолтуудыг үзэх боломжтой юм.

Энэ бол “Русские витязи”, “Соколы России” болон “Стрижи” байлдааны сөнөөгч онгоцнууд. “Беркуты” нисдэг тэрэгний бүлэг анх удаагаа шинэ гавшгай Ми-28 Н онгоцоор ниснэ. Энэ зуны нислэгүүдийн хамгийн гол нислэг оросын тав дахь үеийн сөнөөгч Т-50 онгоцны нислэг байна.

Энд агаарын шинэ машинууд нам дор өндөрийн өвөрмөц нөхцөлд өөрсдийн боломжуудыг харуулахад бэлэн боллоо.