Хабаровск хязгаар үертэй тэмцсээр байна. Сүүлийн нэг хоногт Амар голын усны түвшин ялимгүй дээшлэв.Гэвч энэ нь түр зуурын үзэгдэл гэж Оросын Онц байдлын яамны хэвлэлийн алба тэмдэглэв. Бүр ирэх долоо хоногийн дундуур голын усны түвшин бас хагас метрээр дээшилж мэднэ. Үер 9-р сарын эхээр туйлдаа хүрнэ. Бүс нутагт 11 км урт усны хаалт даланг босгоод байна. 30 хот тосгон усанд авахуулжээ. 9 нь хязгаарын Нанайский районд оршдог. Манай тусгай сурвалжлагч Маргарита Ошун тийшээ очлоо.

Нанайский район Хабаровскаас 250 км зайтай оршино. Тэндхийн 167 байшин усанд авахуулав. Найхин тосгоныхон үерт бэлэн байна гэж тосгоны засаг дарга Галина Бельды мэдээллээ. Одоо сэргийлэн сэрэмжлэх ажил хийх нь зайлшгүй чухал гэж тэрээр хэлээд: «Манайд 700 хүнд сэргийлэх тарилга хийгээд байна. Бид ундны усны байдлыг хатуу шалгаж байна. Олон оршин суугч цооног хувьдаа хэрэглэж байна. Усны сорьц аваад ариун цэврийн газарт явуулж байна. Одоогоор усны чанар бүх шаардлагад нийцэж байна» гэв.

Сүүлийн өдрүүдэд усны түвшин харсаар байтал дээшилсэн. Одоо хүмүүс Онц байдлын яамны ажилтнуудын тусламжтайгаар эрзээн завиар гэртээ очиж байна.

Ургац усанд авахуулав. Хүнсний ногоо, жимсний үлэмж хэсгийг аварч амжаагүй гэж орон нутгийн оршин суугч Александр Коновалов харамсан хэлээд: «Бүх юмаа алдсан. Төмсний нэг хэсэг нь усанд живсэн. Улаан лооль, өргөст хэмх усанд авахуулж сөнөсөн» гэв.

Үеэр Хабаровскыг Амарын Комсомольск хоттой холбох замын нэг хэсгийг эвдэв. Одоо тэнд түгжиж зогссон машинуудын цуваа олон км урт болсон. Эдгээр машин эскаваторууд замыг чулуугаар дагтаршуултал 2-3 цаг зогсон хүлээж байна. Тэгээд замын хөдөлгөөнийг сэргээнэ. Харин жолооч нар цаг алдахгүй байна. Тэд замаас холдолгүй загас барьцгааж байна. Амар голд бараг 140 төрлийн загас байдаг.