Хятадын Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Шандунь мужийн Зинань хотод үргэлжилж байна. Хурлыг хоёр өдөр явуулахаар төлөвлөж байсан боловч шүүх бямба гаригт нэмж хуралдахаар шийдвэр гаргажээ.

Бо Силай нь 29,79 сая юань /4, 37 сая ам.доллар/ авилга авсан болон гэр бүлийн гишүүдийн хүсэлтээр бизнесийн ашиг сонирхолыг лоббидсон хэргээр шүүгдэж байна. Хэвлэлд нийтлэгдсэн шүүх хурлын протоколын хэсгээс үзэхэд Бо Силай нь түүнд тулгаж байгаа хэргүүдийг няцаан, өөртөө итгэлтэй байгаа аж.

Тэрээр түүний эхнэр Гу Кайлай болон хүү Бо Гуагуа нар тусламж дэмжлэг үзүүлснийхээ оронд бэлэг сэлт, мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн объектуудыг бизнес эрхлэгч Сюй Минээс авч байсныг огт мэдээгүй байсан гэж мэдэгдэв.

Гэтэл хавтаст хэрэгт байгаа дүрс бичлэгүүд болон Гу Калайн мэдүүлгүүд нь Бо Силай бүх зүйлийг мэдэж байсан гэдгийг гэрчилж буй юм. Намын хорооны дарга асан шүүх хуралдаан дээр Гу Кайлай “мэдүүлгүүдээ дарамт шахалтан дор” өгч байна гэж мэдэгдэв.