Зэвсэг хураах асуудал эрхлэх НҮБ-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Анжел Кейнийг Сири улс руу явуулах бодолтой байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зарлан мэдээлэв. Тэрээр химийн зэвсэг Дамаскын дүүрэгт хэрэглэсэн тухай мэдээллийг лавлан тодруулах ёстой.

Бан Ги Мүн сирийн засгийн газарт хандан улс оронд нь байгаа НҮБ-ын хэсэг шинжээчтэй хамтран ажиллаж, Дамаскын зүүн дүүрэгт гарсан сүүлчийн будлианыг мөрдөн байцаах боломж олгохыг уриалжээ.

Химийн зэвсэг Дамаскын дүүрэгт хэрэглэснийг батлах ямар ч бодит баримт одоогоор алга. 8-р сарын 21-нд засгийн газрын арми химийн бодис хэрэглэсэн тухай мэдээллийг сирийн сөрөг хүчний ивээн тэтгэгч арабын хаант улсуудын хэвлэлд нийтлэв.

Сирийн албан ёсны эрх баригчид засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэлэсэн гэсэн зэмлэлийг няцаагаад ийм мэдээллийг өдөөн хатгалга хэмээн нэрлэжээ.

НҮБ-ын АЗ-д Орос, Хятад улсууд энэ будлианы хариуцлагыг Асадын дэглэмд тулгах гэсэн оролдлогыг тасалдуулан зогсоов. НҮБ-ын шинжээчдээр хэрэг явдлыг нарийн мөрдөн байцаалгахыг Москва, Бээжин хоёр уриалжээ.

Иймэрхүү мэдээлэл өдгөө хүртэл ор үндэсгүй байсан гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Москва хэрэг явдлыг аль болох түргэн мөрдөн байцаахыг шаардаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич хэллээ. Гэвч энэ талаар түвэг бэрхшээл гарч болзошгүй.

«Хорт бодис хэрэглэсэн гэж тааварлсан нутаг сөрөг хүчний хяналтад байна. НҮБ-ын төлөөлөгчид хүлээж авах тал-сирийн эрх баригчидтай мөрдөн байцаах ажиллагааны асуудлаар тохиролцох ёстой гэж бид үзэж байна.

Мөрдөн байцаах ажиллагаа явуулахад байлдааны ажиллагааг ядаж мөрдөн байцаах үед зогсоох нь зайлшгүй чухал гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүн орлогч ноён Ян Элиассон тов тодорхой хэлсэн нь тохиолдлын хэрэг биш» гэж Александр Лукашевич хэллээ.

Засгийн газраас ийм солиотой алхам хийсэн нь эргэлзээтэй гэж бүр өрнөдийн олонхи шинжээч үзэж байна. Тухайлбал Францын үндэсний аюулгүй байдлын дээд сургуулийн дэргэдэх «Оборона» (Батлан хамгаалалт) сэтгүүлийн эрхлэгч Ришар Лабевьер тийм санаа бодолтой байна. Сирийн босогчид нийт олны анхаарлыг татахаар химийн зэвсэг хэрэглэсэн байж магадгүй гэж Лабевьер хэлээд

«Сирид химийн зэвсэг хэрэглэсэн бүх нөхцөл байдлыг судлахдаа тун болгоомжлох хэрэгтэй. Сирийн сөрөг хүчин сулрах тохиолдол бүрт эл сэдвийг шүүрэн авдаг. Иракийн талаар ч тийм байсан. Сирид өнөөгийн хэрэг явдал тэртээхтэй төстэй байна. Энэ нь сэтгэл зүйн дайн болон нийт олныг төөрөгдүүлэх гэсэн оролдлого мөн» гэлээ.

Харин Өрнөд дэх сирийн сөрөг хүчний ивээн тэтгэгчид мөрдөн байцаах ажиллагааны үр дүнг хүлээлгуй Сирийн байдлыг «хүч хэрэглэх замаар зохицуулах» кампанит ажиллагаа өрнүүлэв. Турк, Британи, Франц улсууд энэ тухай шууд өгүүлж байна.

Дамаскыг шийтгэхийг Парис л улайран оролдож байна. Ерөнхийлөгч асан Николя Саркази эрх барьж байсан үед чухам Франц улс л 2011 онд Ливийг бөмбөгдөхийг санаачилсан нь тэмдэглүүштэй.

Ажиллагаа шууд явуулах цаг болсон гэж Францын ГХ-ийн сайд Лоран Фабиус улс орныхоо нэгэн телевизийн сувагт ярилцлагаа өгөхдөө мэдэгдээд

«Ажиллагаа шууд явуулахын тухайд гэвэл мэдээжээр бид хуурай замын цэргээ тийшээ явуулахгүй. Гэвч «хүч хэрэглэх хариу өгч мэднэ» гэжээ.НҮБ-ын АЗ-өөс Сирид болж байгаа хэрэг явдлын асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй бол өөр замаар ийм шийдвэр гаргана гэж сайд бас хэлсэн байна.

Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич Фабиусын НҮБ-ын АЗ-ийг тойруулан «хүч хэрэглэх хариу өгнө» гэсний хачин үг яриа гэжээ. Тэр тусмаа химийн зэвсэг хэрэглэснийг нотлох ямар ч баримт одоогоор үгүй гэж Александр Лукашевич хэлээд

«Хийсвэр хувилбаруудад дүн шинжилгээ хийх нь ашиг тусгүй хэрэг юм. Бид НҮБ-ын АЗ-ийн шийдвэрээр л хүч хэрэглэж болно гэж НҮБ-ын дүрэмд бичигдснийг удирдлага болгож байна" гэлээ.

АНУ өөрийн зүгээс хүч хэрэглэх хувилбарыг одоогоор дурдахгүй байна. Төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдсэнчилэн Ерөнхийлөгч Барак Обама химийн зэвсэг Дамаскын дүүрэгт хэрэглэсэн гэгч бүх мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийх захирамж АНУ-ын тагнуулын байгууллагуудад өгсөн юм.