Афганистаны Мазари-Шариф хотод хамт олноороо хурим хийцгээв. Хуриманд 52 хос болон тэд нарын төрөл төрөгсөд, найз нөхөд нийлсэн З000 гаруй зочид оролцов. Хүндэтгэлийн хэсгийн дараа зохион байгуулагчид шинэ амьдрал эхэлж байгаа залуу хосуудад аз жаргал, сайн сайхныг хүсч, бэлэг дурсгалын зүйлс гардуулан, тэд нарыг төрөл төрөгсөд, найз нөхдийнх нь хамт хуримын ширээнд урив.

Хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Шафи Рахими “Оросын дуу хоолой“ радиогийн сурвалжлагчид хэлэхдээ, «хуримыг ийм маягаар зохион явуулаж буйгийн зорилго залуу хосуудад хуримлах боломж олгоход оршиж байна» гэсэн юм.

«Миний бодлоор бол энэ их сайхан санаачилга. Яагаад гэвэл, афганистаны уламжлалт хуримын ёслолд маш их зардал гардаг. Тиймээс хосууд сүйт эрийг мөнгө цуглуулах хүртэл олон жил хүлээдэг.

Энэ удаа 104 хүн нэгэн зэрэг гэр бүл болцгоолоо. Энэ их сайхан үйл явдал юм. Гэрлэлтийн арга хэмжээнд гэрлэгсдэд төрөл төрөгсөд, найз нөхөд болон хамгийн дотны хүмүүс нь оролцож, бэлэг сэлт өгч байв.

Манай бизнесменүүд, депутатууд, ялангуяа, захирагчид их мөнгө заралгүйгээр, 52 хосын хуримыг хийж, гэр бүлийн амьдралын замаа нээхэд нь их тус дэмжлэг үзүүллээ. Афганы уламжлалт ёс заншилаар хуримын зардалд маш их зардал гардаг учраас, олон залуу афган эрчүүд эхнэр авах боломжгүй байдаг» гэж Шафи Рахими хэллээ.

Афганистанд хуримын ёслол нилээд хэдэн өдөр үргэлжилдэг бөгөөд ийм арга хэмжээнд 4-5 мянган хүн оролцдог. Мэдээж хэрэг, арай бага тооны хүн урьж болно, гэтэл энэ нь “жаахан эвгүй байдаг”аж. Харин хуримыг хамт олноороо хийх нь нэг гарц. Ихэнхи тохиолдолд ийм хуримыг санаачлагчид нь хүүхний тал байдаг. Яагаад ийм хуримыг тэд илүүд үзэж байгаа юм бол? Магадгүй, тэд нарыг ар гэрийнхэн нь ятгасан байж болох юм.

Шафи Рахими энэ талаар ийм бодолтой байна: «Би тэгэж бодохгүй байна. Ядуу зүдүү афган залуу эр ийм мөнгийг хуримтлуулахын тулд маш олон жил мөнгө хураах ёстой болдог, үгүй бол олон жилийн турш төлөөд дааж давшгүй өрөнд ордог.

Залуу бүсгүйчүүд үүнийг ойлгодог байх гэж бодож байна. Өр ширгүй, санхүүгийн дарамт шахалтгүй хуримаа хийсэн дээр үү, аль эвсэл хайртай залуугаа хуримын мөнгө хураатал нь гэртээ суугаад хүлээх үү. Тэгээд ч манай ердийн хуриманд ордог тийм хэмжээний зардлыг тэр хэзээ ч хурааж дийлэхгүй» гэж Шафи Рахими хэллээ.

Афганистаны парламентын депутат Сайфура Ниязи “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа, Афганистанд хуримлах ёсны зардлыг журамлах ёстой юм гэсэн.

«Манай залуу хүмүүс ийм олон тооны зочдыг урихад орох мөнгийг хураахын тулд олон жил ажиллах болдог. Энд бас мөнгө зээлэх арга гэж бий л дээ. Зээл авах гэсэн үг. Энэ байдал нь өнөөдөр хувийн асуудал байснаа нийгэм-эдийн засгийн асуудал болж хувираад байна.

Ийм их зардалтай хурим хийснээр гэр бүл бат бэх болно гэж байдаггүй. Харин ч бүр эсрэгээр болдог. Тиймээс Афганы засгийн газар залуучуудыг хуримлах гэж илүү их зардал гаргахаас ангижруулах тухай хууль гаргах ёстой гэж үзэж байна» гэж Сайфура Ниязи хэллээ.

Энэ жилийн эхээр афганистаны Вулуси жирги- парламентын доод танхимын депутатууд “Хуримын ёслолыг явуулах журмын тухай” хуулийн төслийг боловсруулсан. Үүгээр хуримын ёслолд оролцох зочны тоо болон хурим үргэлжлэх хугацааг хуульчлах юм. Харин одоо хууль батлагдаагүй байгаа, тэгэхлээр залуу афган эрчүүдийн хувьд хамт олны хурим нь цорын ганц гарц болж буй юм.