Ховор шувуудын тоо хэмжээг Москвад нөхөн сэргээж байна. Саяхан сапсан хэмээх шонхорын дэгдээхэйнүүдийг Москвагийн Кремлийн дэвсгэр нутагт гаргаж суурьшуулав. Туршилт амжилттай болвол шонхор хэдэн жилийн дараа Кремлийн нэгэн цамхагт үүр засах бололтой.

Ангийн шувууд олон арван жил Кремлийн дэвсгэр нутагт байж бүр ажиллаж байна гэж хэлж болно. Харцага,шонхор ба саяхнаас шар шувууд архитектурын дурсгалуудыг хамгаалж байна гэж Холбооны хамгаалах албаны удирдагчийн зөвлөх Сергей Девятов «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Шувууны судлалын алба Москвагийн Кремлийн дэвсгэр нутагт олон жил ажиллаж байна. Тус алба Москва голын эрэг дээр Кремлийн доод талд Боровицкий өндөрлөгийн өлмийд байрлав. Өнгөрсөн зууны 70-д оноос шонхор, харцага шувууд тэнд суурьшсан. Энэ нь Москвагийн Кремль болон ойр хавийн гудамжуудад хэрээний тоог зохицуулах ганц арга барил боллоо» гэлээ.

Хэрээ сүмийн бөмбөрөг оройн алтлаг хучилтыг хуулаж, нэлээд их хохирол учруулж байна. Иймээс шувууг судлагчид эдгээр шувуунтай хамт Кремлийн дэвсгэр нутгийг эргэн шалгаж байна. Үйл ажиллагаа нь зохих үр дүнд хүрчээ. Хэрээ шувууд нийслэлийн төвд хонохгүй болсон.

Одоо москвагийн мэргэжилтнүүд Улаан номд багтсан ангийн шувуудын тоог хотын нөхцөлд нөхөн сэргээх ажил хийж байна. Сапсан хэмээх шонхор ийм нөхцөлд бусдаас илүү сайн дасч тохирсон юм. Эрт дээр үед ч, өдгөө ч шонхор шувууд хотод үүр засаж байна гэж Оросын шонхорын судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Бородин хэлээд

«Кремль сапсан хэмээх шонхорыг суурьшуулахад гоц таарна.Урьд өмнө сапсан хэмээх шонхор Кремльд тухайлбал Их Иваны хонхон дээр үүр засаж байсан гэлцдэг. Кремлийн барилга байгууламжууд янз бүрийн хөндий завсар хэсэгтэй. Сапсан одоо ч тэнд үүрлэж мэднэ» гэв.

Өнгөрсөн онд дөнгөж 30 өдөр болсон анхны хэсэг дэгдээхэйг Кремльд авчирэв. Дэгдээхэйнүүдийг нэгэн цамхгийн дотор тусгай чингэлэгт байлгав. Хүнд дасгахгүйн тулд тусад нь хоол өгсэн. Хэдэн өдрийн дараа чингэлэгийг онгойлгож, сул тавьжээ. Удалгүй дэгдээхэйнүүд анхны нислэг хийлээ. Зургаан дэгдээхэйн хоёр нь Москвагийн УИС-ийн өндөр байшин тийш нисэв. Бусад нь Кремлийн дэвсгэр нутагт үлдсэн байна.

Туршилт амжилттай болсон учир энэ онд бас сапсан шонхорын таван дэгдээхэйг суурьшуулав. Удахгүй сапсан шонхорын тоог Москва болон Орос улсад нөхөж сэргээнэ гэдэгт эрдэмтэд найдаж байна.